Дэлхийн гуравдагч том эдийн засагтай орон гэгддэг Япон улс энэ оны эхний улирлын дүн мэдээгээ танилцуулжээ. Уг дүн мэдээг танилцуулахаас өмнө ажиглагчид Японы эдийн засгийн өсөлт бараг зогсонги байдалд орсон ба ердөө 0,2 хувиар өснө гэх таамгийг дэвшүүлсэн юм.
Харин ажиглагчдын таамаглаж байснаас хамаагүй өндөр үзүүлэлтийг харуулж эдийн засаг 2019 оны эхний гурван сард 2,1 хувиар өссөн болохыг Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээс харжээ. Мөн оны эхний улиралд импортын экспортоос илүү буурсан байдал ажиглагджээ.
Импорт 4,6 хувиар буурсан байгаа нь 10 орчим жилд хамгийн хурдацтай буурсан дүн мэдээ гэдгийг Reuters мэдээлсэн байна. Экспортын хувьд бараг хоёр дахин бага хувиар буюу 2,4 хувиар буурчээ.
Дээрх дүн мэдээтэй танилцсан шинжээчид энэ онд тус улсын ДНБ өсөх хандлагатай, эдийн засгийн хүчирхэг жил болж магадгүй хэмээн таамаглал дэвшүүлсэн байна. Ирэх 10 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн худалдааны татвараа нэмэхийн өмнөхөн эдийн засаг санаснаас хүчирхэг дүр зурагтай байгааг эдийн засагчид онцолжээ.
Японы бодлого төлөвлөгчид худалдааны татварыг 8 хувь байгааг 10 хувь болгон өсгөх товыг дахин хойшлуулахыг шаардсаар байгаа юм. Ерөнхий сайд Шинзо Абэ уг товыг хэдий нь хойшлуулсан бөгөөд Хятад-Америкийн худалдааны дайнаас болж дэлхийн эдийн засаг удааширч байгаатай холбогдуулан татвар нэмэх асуудлыг удаа дараалан хойшлуулж болзошгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: www.bbc.com