Гадаад харилцааны яамнаас “Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт манай улсын нэрт зохиолч, эрдэмтэн, судлаачид болон орчуулагч нар оролцож цаашид орчуулгын үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар өөрсдийн санаа бодлоо хэлэлцэв. Манай улсын хувьд гадаад хэлнээс монгол руу орчуулгын бүтээл туурвиж, хүн ардад соёлыг түгээж ирсэн баялаг түүхтэй. Гэвч сүүлийн жилүүдэд монголоос гадаад хэл рүү орчуулах тэр дундаа Монголын сонгодог зохиолын бүтээлийг орчуулах зайлшгүй шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр дурдсан юм. Бид Монгол Улсаа гадаад улс орнуудад таниулах хамгийн хялбар бөгөөд амархан арга бол соёл урлаг, уран зохиолоор дамжуулан таниулах боломжтой.
Төр засгийн бодлогоор Монголын шилдэг уран бүтээлүүдийг гадаад хэл рүү хөрвүүлэн түүнийг нь хэвлүүлэх хэрэгтэй гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв байлаа. Сүүлийн жилүүдэд Монголын уран зохиолд нэг өөрчлөлт гарсан нь нүүдэлчдийн амьдрал болон хот суурин газрын амьдралыг өгүүлсэн гэсэн хоёр төрөлд уран зохиолын бүтээлүүд маань хуваагдах болсон байна.
Тэгвэл гадны оронд бид дандаа нүүдэлчин ахуйн соёлыг харуулсан уран зохиолын бүтээлийг таниулах уу эсвэл хотын амьдралыг мэдүүлэх үү гэдгийг бас тодорхой болгох хэрэгтэй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр тодотгон хэлсэн юм.
Жишээлбэл: Хятад улсын хувьд гадны орчуулагч нарыг дэмжин ажиллаж, орчуулгын бүтээлийг нь буцаан хянаж, орчуулгын тал дээр зөвлөн тусалдаг байна. Энэтхэг улсын хувьд орчуулгын төв байгууллагатай бөгөөд тухайн улсын нэртэй зохиолчийн уран бүтээлийг орчуулсан бол тодорхой хэмжээний төлбөрийг тооцож өгөхөөс гадна нь хэвлэлийн бүх зардлыг даадаг байна. Ингэж өөрийн орны соёл, ахуйг бусад орны уншигчидаар дамжуулан мэдүүлж, таниулдаг байна. Гэтэл манай улсад гадны шилдэг бүтээлүүдийг орчуулан уншигч олонд таниулаад байгаа мөртлөө өөрийн орны шилдэг бүтээлийг бид орчуулж чадахгүй байгаа юм.
Энэ асуудалд орчуулагч нар “Төрөөс ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Жишээлбэл, герман хэл рүү орчуулсан бүтээлийг хэн хэвлүүлэх нь тодорхой бус байдаг. Гэтэл гадны оронд хэвлэлийн компани бүх асуудлыг нь шийддэг. Тухайн хэвлэлийн компани манай улсын нэрт зохиолчийн бүтээлийг хэвлүүлэх үгүйг шийддэг. Сайн бичгийн болон аман орчуулагч нарыг бодлогоор дэмжин суралцуулах хэрэгтэй байна” гэсэн асуудлыг ярьсан юм.
Түүнчлэн монгол судлаач нарыг илүү дэмжих нь нөгөө талаар оновчтой байх гэдэг санал дэвшигдэж байв. Учир нь тэд Монголын түүх, соёлыг ихэвчлэн судалдаг ч, Монголын уран зохиолын сор бүтээлүүдийг өөрийн орны хэлээр орчуулах сэдлийг өгөн, орчуулсан бүтээлийг нь мэргэжлийн уран бүтээлчид хянаж, төрөөс хэвлэн нийтлэх боломжоор хангах хэрэгтэй гэдгийг дурдаж байлаа.