АН-ын гишүүн Х.Тэмүжин өнөөдөр өглөө мэдээлэл хийх үеэрээ талийгаач Г.Батхүү агсан УИХ-ын нэгэн гишүүнтэй хамгийн сүүлд уулзаад гарсан гэх мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл хамгийн сүүлд уулзсан гишүүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байж магадгүй гэх мэдээлэл гарч эхэлжээ
Уг асуудлаар Н.Номтойбаяр гишүүн мэдээлэл хийлээ.
-АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан явдалд би харамсаж байгаагаа илэрхийльe. 17-ны орой бид хоёр хамт алхаад манай өрөө рүү орж ирсэн. Бид хоёр хамтдаа авто спортоор хичээллэдэг байсан учир сонирхол нэгтэй, манай өрөөнд орж хэдэн үг сольсон. Дараа нь би бүлгийн хуралд орсон. Цагдаагийн газраас надаас өчигдөр мэдүүлэг авсан. Би хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг мөн.
-Талийгаач автораллигийн хуралд оролцсон гэсэн. Танай өрөөнд энэ талаар яригдсан уу?
-Автораллигийн хүмүүсийн зэрэг цолны талаар ярьсан. Монголын талын тамирчдынхаа зэрэг, цолны асуудлыг шийдэх талаар ярьсан. Тэгээд би бүлэг рүү 19.18 минутад орсон. Намайг ороход баахан сэтгүүлч нар байсан. Төрийн тусгайгийнхан ч байсан. Ордон ч баахан камeртай шүү дээ.
Талийгаачийг гарсны дараа манай өрөөнд хэн ч орж ирээгүй, бас нэмж гараагүй. Би 4-5 минутын дараа бүлгийн хурал руу орсон.
-Маргаан үүссэн, том том дуу гарсан гэх мэдээлэл байна?
-Ямар ч маргаан болоогүй
-Таныг тэр өдөр халамцуу байсан гэж байна?
- Хятад руу ажилласан гишүүд өдөр хамт хоол идсэн. Хоолон дээр БНХАУ-ын дарга Ши Жинь Пиний бэлэг болох 0.5 шилтэй архи задалсан нь үнэн.
-Бүлгийн хурал дээр намын дарга, Ерөнхий сайдтай маргаан өрнөсөн гэсэн?
-Ажил хэргийн ийм маргаан байнга л өрнөдөг. Цаашид ч өрнөх байх.