УИХ, Засгийн газрын гишүүн асан Гаваагийн Батхүү төрийн ордонд учир битүүлгээр нас барсан хэрэг 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд болсон билээ
Түүний нас барсан байдалтайгаар олдсон тухайн хэсэгт Ардчилсан намын зөвлөлийн гишүүд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлж байна.
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат
"Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Ардчилсан намын дэд дарга, бидний журмын нөхөр Г.Батхүүгийнхээ өндрөөс унаж амь насаа алдсан газарт хүндэтгэл үзүүлж байна. Эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Г.Батхүү агсныхаа гэр бүл төрөл төрөгсдөд зөвлөлийнхөө нийт гишүүдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Болсон үйл явдалтай холбоотойгоор нийгэмт ташаа мэдээлэл ихээр явж байгаад бид харамсаж байна. Төрийн тусгай хамгаалалттай онцгой обьектод төр нийгмийн нэрт зүтгэлтэн агсан амь насаа учир битүүлгээр алдсан нь хардлага төрүүлж байна. Энэ хэрэг олон улсын анхаарлын төвд орсон" гэлээ.
Г.Батхүү агсныг хамгийн сүүлд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн өрөөгөөр ороод гарсан гэх мэдээлэл цахим орчинд тархах болсон.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ
"Тухайн өдөр би үдээс хойш төрийн ордонд байгаагүй. Үдээс өмнө АН-ын үзэл баримтлалын үндэсний аяны нээлт болсон. Үүний дараа болсон бүлгийн хурлын дараа төрийн ордноос гарч явсан. Г.Батхүү агсныг манай өрөөнд байсан гэх мэтээр худал мэдээлэл тарааж байгааг хариуцлагатайгаар үгүйсгэж байна" гэлээ.