СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-20

Нийтийн тээвэрт “Экспресс үйлчилгээ”-г нэвтрүүллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Оюунжаргал

Цаг нартай уралдаж амьдардаг нийслэлчүүдийн хувьд замын түгжрэл толгойны өвчин болсоор ирсэн. Тэгвэл энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас гурван экспресс чиглэл нээж байгаа аж.

Экпсресс I чиглэл нь “Таван шар-Зүүн дөрвөн зам” гэсэн чиглэлд явах юм. Тодруулбал, Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, Улсын их дэлгүүр, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсож, иргэдэд шуурхай үйлчилнэ. Ингэснээр замын түгжрэл үүсдэг оргил үеэр хамгийн их ачаалалтай байдаг зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлснээр иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг 15 минутаар багасгах юм байна.

Таван шар-Зүүн дөрвөн зам хүртэл 32 дугаар байр, Гуравдугаар эмнэлэг, ТБД андууд гэх мэт тав, зургаан буудал дээр автобус зогсохгүй, алгасахад л иргэдийн цагийг ийн хэмнээд зогсохгүй оргил ачааллын үеэр Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах аж. Ийн олон хүний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар нийтийн тээврийнхэн нэвтрүүлж эхэллээ.

Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрэх экспресс чиглэл бол үндсэн чиглэлээс гадна, нэмэлтээр явуулж байгаа шинэ үйлчилгээ юм.

 

Экспресс автобус нь дараах чиглэлүүдэд үйлчилнэ.

Экспресс 1 чиглэл: “ТАВАН ШАР-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ”

-Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.

Экспресс 2 чиглэл: “ТАВАН ШАР-БӨМБӨГӨР-ХӨГЖИМ БҮЖИГ”

–Энэ чиглэл нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд Таван шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд үйлчилнэ. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 25 орчим хувиар бууруулах юм байна.

Экспресс 3 чиглэл: “ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНОТЕАТР-ТЭЦ3”

-Энэ нь босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлжээ. Долоон буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогсоолоос иргэд зорчих юм. Ингэснээр Чингисийн өргөн чөлөөний цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах тооцоо гарчээ. Нийт 10 минут орчим хугацаагаар багасна.

Үүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээнд Ч:30 “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”, Ч:70 “ТЭЦ3-Нарны гүүр– Бөмбөгөр – Ард кино театр” чиглэлийн өөрчлөлтүүд орсон байна. Мөн маргааш болох “Автомашингүй өдөр”-ийн үеэр иргэдэд троллейбус үйлчлэхгүй бөгөөд нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.