Ирэх сараас жолооч, иргэдийн мэдээллийн дагуу замын замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг “E-Police” аппликэшн ашиглан торгууль оноохоор болж байгаа билээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргалаас тодруулсан юм.
-Жолооч нар цахим цагдаа хэмээх фэйсбүүк хуудсаар дамжуулан зөрчил мэдээлдэг байсныг хууль ёсны болгож байгаа гэсэн үг үү?
-Замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, дүрэм зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс ЗХУТ, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police” аппликэшнийг ирэх сараас нэвтрүүлж байна. Тус аппликэшн замын хөдөлгөөнд оролцож буй дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулах хэлбэрээр захиргааны хариуцлага тооцох программ юм. Ер нь зөрчлийн талаарх гомдлыг заавал цагдаа дуудаж мэдээллэх биш жолооч жолоочдоо хяналт тавих боломж бүрдэж байгаа юм.
-Хэрхэн зөрчлөө илгээх вэ?
-“E-Police” аппликэшн маань хадгалсан зургийг оруулах боломжгүй яг тухайн мөчид авсан зургаа шууд илгээх юм. Ирсэн зураг нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, улсын дугаар марк нь таарч байгаа эсэх, зөрчил дээрх зураг байршил, цаг хугацаа, орон зай таарч байна уу зэрэг шаардлагатай олон зүйлийг тооцож, баримтаар торгууль болон захиргааны арга хэмжээ авна. Түүнчлэн санаатайгаар засварласан зураг явуулах боломжгүй. Жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байхдаа зөрчилтэй байна хэмээн гар утсаараа зураг дараад явж болохгүй гэдгийг сануулмаар байна.
“E-Police” аппликэшнийг андройд болон IOS утасныхаа Playstore, Appstore-оос үнэ төлбөргүй татаж, утасны дугаараа оруулан системээс ирсэн кодыг хийн ашиглах юм. Одоогоор тестлэх шатандаа явж байгаа бөгөөд ирэх сараас ашиглалтанд орох гэнэ.
Сэтгүүлч Т.Сайнбуян