СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Кумар: Монголчууд Арабын шейхүүд шиг амьдрах боломж бий

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Livetv.mn сайтын “Аяллын тойрог” нэвтрүүлгийн энэ удаагийн онцгой зочноор “Намастэ” Энэтхэг зоогийн газрын зөвлөх тогооч С.Кумар уригдан оролцлоо. Тэрээр Монгол улсад 17 жил амьдрахдаа монгол бүсгүйтэй гэр бүл болж манай хэлийг төрөлх хэлнээсээ дутахааргүй эзэмшсэн нь ярилцахад таатай байсан юм.

Монголын аялагчид Энэтхэг улсад очоод юуг илүү анхаарах ёстой вэ?

Би сүүлийн үед Энэтхэг улсад жуулчин шиг л зочлох болжээ. Олон жил амьдарсан учраас сэтгэхүй маань монголжсон байж магадгүй. Жуулчдад гэж зөвлөхөд юун түрүүнд цаг агаарыг сайтар бодолцох хэрэгтэй. Жилийн аравдугаар сараас гуравдугаар сарын хооронд аялбал тун тохиромжтой гэж хэлмээр байна. Гэвч тэр үед ч цаг агаар +20, +30 орчим байдаг. Үүнээс гадна хүн ам ихтэй газар гэдгийг бодолцох хэрэгтэй. Тиймээс тэр олон хүн дунд настай, эмэгтэй хүн, гадны болон дотны гэж ялгахгүй учир болгоомжтой яваарай. Энэтхэг улс 100 гаруй оронтой аяллын чөлөөтэй визтэй болсноор жуулчид огцом ихэссэн.

Энэтхэг, Монгол хоёр улс хол учраас замын зардал өндөр. Хэмнэх арга байдаг уу?

Бээжин хүртэл вагоноор яваад тэндээс Дэли рүү шууд нислэгтэй. Сүүлийн үед Air Asia Сөүлээс Дэли рүү нислэг үйлдэх болсон байна. Энэтхэгт очсоныхоо дараа жуулчин маань ямар зорилготойгоор явж байгаагаас шалтгаалаад бизнесийн чиглэлээр явсан бол нэг их мөнгө хэмнэх гэсний хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Харин цэвэр аялал жуулчлалын зорилготойгоор явж байвал Шинэ Дэли хотын вокзалын хажууд жижиг дэн буудлууд бий. Тэнд хоногийн 10,000-50,000 төгрөгөөр хоноглож болох ч тав тух сайнгүй байх тохиолдол байдаг.

Манай монголчууд махсаг хүмүүс. Энэтхэгт бидэнд тохирсон хоол юу байна?

Хоолны хувьд халуун ногоо ихтэй. Амттан нь хүртэл халуун ногоотой юмаа гэж нэг хүн хэлж байсан. Сүүлийн үед зоогийн соёл сайжирсан. Махтай хоол байгаа ч үхрийн мах хориотой. 

Хэрэв хориотой үхрийн мах идвэл зургаан сар хүртэл хорих шийтгэл ч амсдаг.

Яг Монголд үйлдвэрлэж лаазалсан хаяг шошго, тамга тэмдэгтэй мах байвал болдог. Голчлон тахиа, ямааны мах элбэг. Хэт их халуунд тэр бүр мах идэхийг хүсээд байдаггүй. Энэтхэг улсын хүн амын 60 орчим хувь нь цагаан хоолтон учраас махнаас авч чадахгүй уураг шим тэжээлээ сүү, шошны төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс авахын тулд ихээр хэрэглэдэг.

Энэтхэгт очсон хүмүүс түүхэн дурсгалт газар үзэхээс илүү дэлгүүр хэсч байгаад ирдэг нь жаахан харамсалтай санагддаг. Таны зүгээс Энэтхэгт очвол заавал энийг үзээрэй гэж зөвлөх газар байгаа байх.

Таж Махал, Дэли, Жайпурт ирж үзээрэй гэж хэлмээр байна. Үүнийг алтан гурвалжин гэж хэлдэг. Жайпурт түүхэн дурсгалт газар элбэг төдийгүй үнэт эдлэл их байдаг. Тэндээс бөөний үнээр авчраад таван цаас нэмээд зарж байгааг бодоход боломжийн үнэтэй байдаг байх. Үнэт эдлэл сайн мэддэг хүнтэй явахгүй бол хууртагдах магадлал бий шүү.

Энэтхэг улс монголчуудаас соёлоороо хэрхэн ялгардаг вэ?

Зөвхөн монголчуудаас ч гэлтгүй дэлхийн улс орнуудаас ялгаатай зүйл маш их бий. Энэтхэгт ээж аав нь эхнэрийг нь сонгож өгдөг. Тэгэхээр орчин цагт залуучуудын сэтгэлгээ өөр болсон. Бид 21 дүгээр зуунд амьдарч байна. Кинон дээр гардаг зүйл оргүй биш шүү.

Монголчууд бидний дунд тэр айлын хүүхэд баян гэх зэргээр атаархах сэтгэл их төрдөг. Гэтэл Энэтхэг улсад очоод хүн ам ихтэй, хүн ам цөөтэй хөдөө нутаг гээд олон газраар явахад тийм зүйл ажиглагдаагүй. Монголчууд бидний хувьд тэнд очиж бодитоор ядуу буурай дүр зургийг хараад өөрийгөө хэр баялаг амьдарч байгааг мэдэж аваасай гэж боддог. Тэнд сүүгээ угаад усаа зөөгөөд л амьдраад болж байна.

Миний нэг таньдаг ах хүүхдүүдээ Энэтхэгт сургуульд явуулсан бол эх орондоо илүү хайртай болох байж дээ гэж ярьж байсан. Аялал гэдгийг дэмий мөнгө үрж байна гэж харах хүн байхад

Энэтхэгчүүдийн зан төрх ямар вэ?

Ерөнхийдөө тайван хүмүүс байдаг. Кастын системийн үеийн болон шашны чиглэлийн гэсэн хоёр төрлийн хүмүүс давамгайлдаг. Бүгд гэгээрсэн хүмүүс биш ч гэлээ карма гэж зүйлд маш их итгэдэг. Карма нь өөрийн бодлоор ямарваа зүйлийг дуудах юм. Түүнчлэн миний өнөөдрийн амьдрал, хувь тавилан надаас өөрөөс минь шалтгаалсан зүйл гэж бодох хандлага их байдаг. Өмнөд Энэтхэг их өөр. Цаг уур, хоол, соёл гээд бүх зүйл өөр.

Та Монголд олон жил амьдарсан. “Намастэ” бидний дуртай зоогийн газруудын нэг болж чадсан. Монголчууд биднийг энэ чанараа гээгээсэй, энэ чанараа бүү алдаасай гэж бодсон бодол байгаа байх. Түүнээсээ хуваалцаач.

Энэ бол миний хувийн бодол юм шүү. Би анх ирээд монгол хэл мэдэхгүй байхдаа шүүмжлэх талаас ханддаг байсан. Хэл сурсны дараа соёлыг нь таньж эхэлсэн. Цэнхэр дэлгэцний цаанаас сайхан зүйл ярьж байгаа хэрэг биш шүү. Монголчууд ээж аав, ах эгч зэрэг гэр бүлээ хүндэлж дээдэлж байгаа нь их сайхан бахархмаар байдаг. Мөн их цагаан сэтгэлтэй хүмүүс. Гадаад хүн Монголд нэг ирээд дараа нь дахиад ирдэг. Хамгийн гол нь байгаагаараа байгаа нь их сайхан. Ямар нэг баг зүүдэггүйгээрээ барууны хүмүүсээс ялгаатай. Хамгийн чухал нь монгол хэлээ их сайхан дээдэлдэг гэж боддог. Баруун Энэтхэгийн хүмүүстэй англиар ярихгүй бол тэднийг дорд үзсэн хэрэг болдог. Яагаад гэвэл тэдний хувьд англи хэл эх хэлнээс нь илүү дээд байдаг. Харин монголчууд хэлээ дээдэлж, хөдөөгийн малчин ч гэлтгүй эх хэлээ л хүндэлж түүгээрээ ярьдаг нь их сайхан.

Улс орны ирээдүй болсон залууст маань алсын хараа дутаад байх шиг санагддаг.

Зарим залуучуудын хувьд ирээдүйгээ бодож биш өнөө маргаашаа бодож үйлдэл хийж байгаа юм шиг санагддаг. Би аливаа зүйлийн сайн мууг ярихдаа сайныг нь эхэлж харах гээд байдаг талтай. Улс орны ирээдүй болсон залууст маань алсын хараа дутаад байх шиг санагддаг. Монголын мундаг чадварлаг залуус илүү олон байж эх орондоо хэрэгтэй. Монгол хүн Арабын шейхүүд шиг амьдрах боломж бий. Өөрсдөө оюуны ажлаа хийдэг, гадны иргэдийг хар бор ажилдаа хөлслөх боломжтой ч байгаадаа сэтгэл ханаад байх шиг байна.

Монголчууд ядуу биш. Олон талын нөөц баялаг бий. Төр засаг руу хараад байлгүй нийгмийн дунд лидерүүд илүү олон байх хэрэгтэй.

Та их өөр өнцгөөс харж байна. Таны ярианаас олон сайхан зүйлийг сонслоо. Энэ бүгдийг ярьж  хуваалцсанд баярлалаа. Танд болон танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.