Зуны эхэн сарын шинийн 15-ны энэ өдөр Бурхан багшийн их дүйчин өдөр ажээ. Өөрөөр хэлбэл, Бурхан Будда энэ өдөр эхээс төрж мөн энэ өдөр гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацсан өдөр юм. Энэ өдрөөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс санаачлан шашин номын олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал, Гандантэгчэнлин хийдэд Бурхан багшийн рэнсэл залах ёслол болж байгаа ажээ.
Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.