Blue Sky Tower-ын гурван давхарт “Шинэ боломжийг хамтдаа нээцгээе” уриатай, ХНХЯ, ШУТИС-ийн төгсөгчдийн холбоо, MJC компанийн хамтарсан "JOB EXPO-2019" хөдөлмөрийн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Өнөөдөр, маргааш үргэлжлэх энэхүү яармагт Монгол улсын Топ-30 гаруй байгууллагын 1200 ажлын байр нээлттэй зарлагдаж байгаа юм.
Уг үзэсгэлэн яармагт “Таванбогд групп” 300 гаруй ажлын байраа танилцуулж, "Скайтел" компаниас 12 ажлын байраа зарлаж, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК 6 чиглэлд, “Шунхлай” ХХК, "Шангри Ла" зочид буудал, “Сүү” ХК, АПУ ХК гээд Монголын Топ-30 аж ахуйн нэгжийн Хүний нөөцийн алба ажлын байраа танилцуулж байна. "Шангри Ла" зочид буудал гэхэд шинэ ажлын байруудаа зарласнаас гадна зуны амралтаар ажиллах цагийн ажилтан шалгаруулж байгаагаа зарлажээ.
Түүнээс гадна тус үзэсгэлэнд Япон улсад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэн авч байлаа. Японы компаниудын хувьд нэгт мэргэжил, хоёрт япон хэлний мэдлэг чадварыг шалгаруул болгодог гэнэ.
Барилга, зам гүүр, механик, цахилгаан, электроникс, хими, физик, мэдээллийн технологи-программ чиглэлийн мэргэжилтнүүдийг Японд 2000-3000 ам.долларын цалинтай ажилд урьж байлаа.
“Япон улсад ажиллах боловсон хүчин шалгаруулж авна гэсэн зарын дагуу мэргэжлээрээ ажиллах боломжийн талаар мэдээлэл авлаа. Өмнө нь Япон улс руу хэлний бэлтгэлд суралцахаар явж байсан. Энэ давуу талаа ашиглан барилгын инженерээр Японд ажиллах хүсэлтэй байгаа” хэмээн үзэсгэлэнд оролцсон А.Пүрэвсүрэн дурдсан юм.
“АПУ” компани 2200 гаруй ажилтантай бөгөөд энэхүү үзэсгэлэнд хамгийн эрэлттэй техникч, автоматикийн техникч, сантехникч, аргон гагнуурчин, савлалтын оператор зэрэг найман ажлын байрандаа бүрдүүлэлт хийж байлаа. Тус компанийн хүний нөөцийн бодлогын хувьд гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний систем, үр дүнтэй багийн үйл ажиллагааг дэмжин явуулдгаараа онцлог ажээ.
Ажил олгогчдын амлаж байгаа ажлын байрнуудын цалин 600 мянгаас 1 сая 500 мянган төгрөгийн хооронд байсан. Компанийн хувьд мэргэшсэн нарийн мэргэжилтнээс гадна мэргэжилгүй ч ажиллах чин хүсэл тэмүүлэлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг танилцуулж байсан юм. Үүнээс дурдвал шатахууны станцын түгээгч, үйлдвэрийн туслах ажилтан, ачигч, гадна талбайн үйлчлэгч, машин угаагч, будагчин, хивс угаагч, индүүчин, худалдагч гээд төрөл бүрийн ажлын байруудад ажилтан авахаар зарласан байлаа.
Хүн ажил голдог болохоос ажил таныг голохгүй гэхчээр иргэн Э.Тэмүүжин хүнд машин механизмын оператар мэргэжилтэй ч өөрийгөө өөр салбарт ажиллах боломжийг эрэлхийлэн 10 гаруй компанид ажлын өргөдөл өгсөн хэмээж байв.
"JOB EXPO-2019" хөдөлмөрийн яармагт хүний нөөцийн менежер, оффис менежер, захиргааны мэргэжилтэн зэрэг ерөнхийдөө бичиг цаасны ажил сонирхож иргэн Б.Маралмаа өөрт таалагдсан 4-5 газар анкетээ бөглөж өгсөн бөгөөд уг ажлын байрны яармагт ирсэндээ сэтгэгдэл өндөр байгаагаа хуваалцсан юм.
Тэрбээр “Ерөнхийдөө төлөвлөгөө боловсруулах, бичиг цаасны эмх цэгц, архивын бичиг баримт хадгалалт гэсэн ерөнхий нийтлэг шаардлагуудыг ажил олгогч нар тавьж байна. Зарим байгууллагуудын хувьд туршлага шаардаж байгаа ч зарим нь сургаад мэргэшүүлээд ажилд авах сонирхолтой компаниуд байна. Миний хувьд одоогоор нэг компанид удирдах түвшний алба хашдаг ч ажлын байрны нөхцөлөө сайжруулах, илүү өсөн дэвжих боломжийг олгож буй компанийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн” хэмээв.
"JOB EXPO-2019" хөдөлмөрийн яармаг маргааш 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм.