Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 оны Монгол Улсын ТОП 100 ААН –ийг танилцууллаа
ТОП 100 ААН –ийг шалгаруулахдаа Сангийн яам, Татварын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэдэг ажээ. Ингэхдээ тухайн компанийн жилийн орлого, татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн таван шалгуур үзүүлэлтийг үндэслэдэг байна.
Энэ оны Монгол Улсын ТОП-100 ААН-ийг "Эрдэнэт Үйлдвэр" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Оюу Толгой", Хаан банк, Энержи Ресурс ХХК тэргүүллээ.
Топ 100 ААН-ийн улсын төсөвт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 29 хувиар өсч, 4,1 их наядад хүрсэн нь монгол улсын нийт татварын орлогын 50 хувийг бүрдүүлж байна. Борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оныхоос 5 их наядаар өсч 30 их наядад хүрсэн нь ДНБ-ийн 96 хувийг эзэлж байгаа юм. ТОП-100 ААН-д уул уурхайн салбараас 21 компани, ХАА, газар тариалангийн салбараас 21 компани шалгарчээ.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн
"Манай уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 2016 онд 184 тэрбум төгрөг, 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн амжилттайгаар ажиллалаа. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 100 сая орчим төгрөгийн баялаг бүтээж байна гэсэн үг. Өнгөрөгч 2018 онд буюу 40 жилийн ой дээрээ улс, орон нутгийн төсөвт 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн бүх үзүүлэлтийг дагаад эдийн засгийн биелэлт 100-110 хувиар даван биелж байна. Манай үйлдвэрийн хэтийн төлөв, ирээдүй гэрэл гэгээтэй сайхан байна" гэлээ.
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг
"Манай компанийн уурхайчин хамт олон 2018 онд борлуулалтын орлогоо 1,9 их наяд төгрөг, татварын дараах цэвэр ашгаа 807,7 тэрбум төгрөгт хүргэсэн амжилттайгаар ажиллалаа. Улсад 404 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Манай уурхайчин, албан хаагчид 24 цагаар ажилладаг, үүний үр дүнг баталгаажуулж өглөө гэж би ойлгож байна. 2018 онд ТОП-100 ААН-ийн 2-рт эрэмблэгдсэн. Энэ амжилтаа энэ оны эхний улирал гэхэд л бататгаж 2019 оны нэгдүгээр улиралд 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, улсад 192,5 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 25 хувиар давуулан биелүүллээ. Бид 2019 онд маш том зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээрээс IPO гаргах зорилт тавьсан. Дагалдах дэд бүтцийг санхүүжүүлэх үүрэгтэйгээр ажиллаж байна. Бэлтгэл ажил сайн хангагдсан. Одоо ажил ид идэвхитэй урагшилж 6-р сард бүх зөвлөхүүдтэйгээ гэрээ байгуулан ажиллана. Монгол улсын өрсөлдөх чадварын хэмжээ хоёр дахин өсөх төлөвтэй байна. Үүнийгээ дагаад ард түмний гар дээр очих хувьцааны ашиг, цалин тэтгэвэрт нөлөө үзүүлнэ. Мөн манай компанийн хамт олон 2018 оны улсын төсвийн ДНБ-ийн 6,2 хувийг дангаар нь биелүүлсэн байна" гэлээ.
"АПУ" ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг
"АПУ" групп компани 2018 онд улсын төсөвд 270 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилттайгаар энэ оны ТОП-100 ААН-ын тэргүүн байрын нэгээр шалгарлаа. Бид өнгөрөгч онд гадаад зах зээл рүү хүрээгээ тэлж олон улсын "Хайннекен" компанитай хамтран ажиллаж, тэргүүн туршлага нэвтрүүлж ажиллалаа. Нийгэм рүү чиглэсэн олон ажлуудаа төлөвлөсний дагуу хийлээ. 2019 онд гадаад худалдааны салбарыг хөгжүүлэх түлхүү зорилго тавьж, экспортын чиглэлээр зорилгоо тодорхойлж ОХУ, БНХАУ-рүү бүтээгдэхүүнээ экспортлон ажиллаж байна" гэлээ.
ТОП-100 ААН-ийг шалгаруулж, өргөмжилдөг энэхүү арга хэмжээг 18 жилийн өмнө санаачилж, жил бүр тасралтгүй ААН-үүдийг шалгаруулж байна.