Blue Sky Tower-ын гурван давхарт “Шинэ боломжийг хамтдаа нээцгээе” уриатай, ХНХЯ, ШУТИС-ийн төгсөгчдийн холбоо, MJC компанийн хамтарсан "JOB EXPO-2019" хөдөлмөрийн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Өнөөдөр, маргааш үргэлжлэх энэхүү яармагт Монгол улсын Топ-30 гаруй байгууллагын 1200 ажлын байр нээлттэй зарлагдаж байгаа юм.
Таванбогд группийн хувьд энэхүү хөдөлмөрийн яармагт 300 гаруй ажлын байрыг танилцуулна гэдгээ мэдээлснийг та бүхэн үзсэн байх.
Мөн үүрэн телефоны "Скайтел" компаниас 12 ажлын байраа зарлаж, шалгаруулалт явуулна гэдгээ зарласан. Мөн Монгол улсын 21 аймагт шилэн кабелийн үйлчилгээг хангадаг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК 6 чиглэлд, Шунхлай ХХК найман ажлын байранд ажилтан авна гэдгээ мэдэгдсэн нь анхаарал татаж байлаа. "Шангри Ла" зочид буудал, Сүү ХК, АПУ ХК гээд Монголын Топ-30 аж ахуйн нэгжийн Хүний нөөцийн алба ажлын байраа танилцуулж байна.
Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 50 гаруй байгууллагын ажлын байрны санал байгаа гэлээ. Энэхүү яармаг хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ШУТИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүн Д.Батчулуун нар оролцлоо.
Үзэсгэлэн яармагийн үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүн Д.Батчулуун үг хэллээ. Тэрбээр улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүднээс энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулж байна гээд үзэсгэлэнд оролцогчдод амжилт хүслээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Хувийн хэвшлийн нуруун дээр улс орны хөгжил явдаг. Үүнийг залуучуудтай холбож өгөх нь чухал юм. Иймд энэхүү яармагт оролцож байгаа залуустаа амжилт хүсье. Хүссэн байгууллагадаа ажилд ороорой" хэмээсэн юм.
ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Ангар
"Энэ удаагийн үзэсгэлэн яармагт маань бодож байсныг бодвол харьцангуй олон хүн оролцож байна. Монголын шилдэг 30-аад компани, 6 дүүргийн хөдөлмөрийн хэлтэс болон хөдөлмөр халамж үйлчилгээний газрууд оролцож 1200 ажлын байр нээлттэй зарласан байна. Ажил хайгч иргэд ч их ирсэн байна" гэлээ.
"JOB EXPO-2019" хөдөлмөрийн яармагт оролцогч иргэн
"Би хүүдээ ажлын байр хайж энэ үзэсгэлэнд ирлээ. Манай хүү ШУТИС-ийг нисэхийн чиглэлийн мэргэжлээр төгссөн. Одоо ч ажлын байр олоход их хэцүү болж. Өнөөдөр энд нилээн олон сонголттой ажлын байрууд нээлттэй байгаа нь их амар байна" гэлээ.
"Алексиа" ХХК-ийн хүний нөөцийн ажилтан
"Манай компани өнөөдөр IT инженер, барилгын инженер, электроник, цахилгаан, механикийн инженер, мөн тусгай ур чадварын ажлын байрууд зарлаад байна. Нээлттэй 5 ажлын байр зарласан. Шалгуурын хувьд үндсэн ажилтнаар авахдаа бакалаврын зэрэгтэй мэргэжлийн хүн байхад л болно" гэлээ.