СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-17

Элчин сайдад нэр нь тодорсон долоон эрхмийн хэн нь хэн бэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

 

Томилолтын хугацаа нь дуусаж буй 14 Элчин сайд, Ерөнхий консулыг энэ жил шинээр томилно. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон хүнийг Элчин сайдад томилох нь зүйтэй хэмээн үзэж, Монгол улсын Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлжээ. Тэдний хэн нь, хэн бэ гэдгийг тодруулъя.  

 

Бархасын Дорж

-Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг дэмжжээ.

Б.Дорж нь Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга, Европын газрын газрын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай дипломатч, яруу найрагч. Яруу найргийн хэд хэдэн номтой. Дууны шүлгээс хамгийн алдаршсан нь Польшид байхдаа бичсэн "Чингис" хаан хамтлагийн "Харийн нутаг давчдаад байна" дуу юм.   

 

Жигжээгийн Сэрээжав

-Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг дэмжжээ. 

Төрийн ёслолын албаны даргаар ажиллаж байсан гэдгээрээ танигдсан. Гадаад яаманд олон жил ажилласан туршлагатай дипломатч. ГХЯ-ны ёслолын албанд ажиллаж байсан.  

 

Шагдарын Батцэцэг
-Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг дэмжжээ. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх (Ц.Элбэгдорж)-ийн алба хашиж байгаад, Индонези улсад суух Элчин сайдаар томилогдож байсан. 

 

 Нямдоржийн Анхбаяр

-Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаярыг дэмжжээ. 

2007-2012  Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газарт мэргэжилтэн, атташе, дэд захирал, 2012-2014  Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консул, 2014-2016  ГХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирал байсан. 2016 оны 8 сараас ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж байна.

 

Түвдэндоржийн Жанабазар
-Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг дэмжжээ. 

1987 оноос хойш Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаа, туршлагатай дипломатч. БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Одоо ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал. 

 

Воршиловын Энхболд
-Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг дэмжжээ. 

1999 оноос хойш Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаа туршлагатай дипломатч. В.Энхболд нь гадаад харилцаа, тэр дундаа гадаад худалдааны чиглэлээр олон жил ажиллаж байгаа. одоо ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажилладаг. Өмнө нь БНЭУ-д Элчин сайдаар сууж байсан. 

 

Дамдинсүрэнгийн Даваасүрэн
-Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг дэмжжээ. 

1995 оноос хойш Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаа. Дунд нь буюу 2013-2016 онуудад МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Улс төр, намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан. Одоо ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг.   

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.