Дани улсын тэргүүн баян эрхэм Андерс Хольх Повлсен болон түүний гэр бүлд өнгөрсөн сард Шри Ланка улсад болсон террорист халдлагын үеэр гурван ч хүүхдээ алдсан уй гашуу тохиосон билээ. Повлсен гэргий Эннийн хамт гэр бүлд нь тохиосон эмгэнэлт явдал, уй гашууг хуваалцсан Шотландын ард иргэдэд талархлаа илэрхийлсэн байна.
Даниас гаралтай чинээлэг гэр бүл Шотландад хамгийн том газар эзэмшигчдэд тооцогддог юм. Тэд 5-20 насны дөрвөн хүүхэдтэй байсан хэдий ч бага гурван хүүхдээ Шри Ланкад амиа алдсан 250 хүний дунд алджээ.
Бага хүү таван настай Алфред, 12 настай Агнес, 15 настай Алма нарыг исламын хэт даврагсдын алан хядах ажиллагааны хохирогч болсон явдалд Шотландын ард түмэн эмгэнэл илэрхийлж, уй гашууг нь хуваалцсан байна. Хүүхдүүд улаан өндөгний баяраар Коломбо дахь Шангри Ла зочид буудалд байрласан байжээ.
Тэрбумтны гэр бүл “Бид гэр бүлийнхээ хайртай, хамгийн сайхан гурван гишүүнээ алдахад та бүгд халуун дулаан үг, эмгэнэлийн захидлаар бидний уй гашууг хуваалцаж байсанд баярлалаа. Шотландын үзэсгэлэнт байгаль манай гэр бүлийн хувьд маш их дурсамжийг хадгалсан газар юм. Бидний том охин Астрид эсэн мэнд үлдсэн нь гайхамшиг. Гурван хүүхдийн минь дурсамж, тэдний минь гайхалтай сэтгэл бидний зүрхэнд үүрд орших болно” гэж мэдэгджээ.
Форбес сэтгүүлийн танилцуулснаар Повлсен 7,9 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр Дани улсын хамгийн чинээлэг эрхмээр нэрлэгдсэн байна. Мөн Шотландад хамгийн том газар эзэмшигч төдийгүй Их Британийн цахим худалдааны Asos брэндийн хамгийн том, Германы Zalando онлайн хувцасны сайтын хоёр дахь том хувьцаа эзэмшигч ажээ. Повлсен болон түүний эхнэр Энн Сторм Педерсен нар Шотландад 80,000 га талбайг худалдан авсан ба Британийн Asos брэндийг эцэг нь эх үүсгэн байгуулж тэрээр 28 настайгаасаа хувцас загварын бизнест хөл тавьжээ. Vero Moda, Jack&Jones зэрэг брэндүүд ч мөн түүний эцэг эх үүсгэн байгуулалцаж байсан брэндүүд юм. Asos өнгөрсөн жилд 40 сая фунтын бараа бүтээгдэхүүн худалдсан байна. Үүнээс гадна Их Британийн нийслэл Лондон хотод хэдэн зуун сая фунтын тансаг харш, тэнгэр баганадсан өндөр барилгуудыг эзэмшдэг гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com