Францын нийслэл Парис хотод дэлхийн түүхийг шингээсэн алдарт Луврын музей байдгийг мэдэхгүй хүн үгүй. Музей ховор нандин үзмэр, олдворуудаас гадна гадаа талбай дахь шилэн пирамидаараа алдартай. Геометрын томьёоллоор байгалийн гэрлийг тусгаж ойлгох шилэн хавтан бүхий пирамидыг 1993 онд Хятадын уран барилгач, архитектурч Ай М Пей барьж дуусган дэлхийн хамгийн алдартай газруудын нэг болгож чаджээ.
Ай М Пей нь 102 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэдгийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж байна.
Бүх цаг үеийн дэлхийн хамгийн алдартай байгууламжуудын нэгийг урласан нэрт уран барилгачийг таалал төгссөн явдалд олон хүн эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлэн дурсан санаж байна. Тэрээр 1917 онд Хятадын Гуанжоу хотод мэндэлжээ. 18 нас хүрээд Массачуссетсын технологийн институт, Харвардад суралцахаар Пеньсилваниад ирсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн Засгийн газарт судалгааны эрдэмтнээр ажиллаж, 1955 онд хувийн компаниа байгуулж архитектурын чиглэлээр хөдөлмөрлөж эхэлжээ.
Умард Америк, Ази, Европын бүсэд 20 дугаар зууны архитектурын шилдэг бүтээлүүд, барилга байшин, зочид буудлууд, сургуулиуд зэргийг тэрээр барьсан юм. 80 настайдаа Катар улсын нийслэл Дохад Исламын урлагийн музейг байгуулсан нь нас өндөр гарсан ч дэлхийн шилдэг бүтээл туурвисны нэг нь ажээ. Мөн Даллас хотын захиргааны байр, Японы Михо музей, Хонконгийн Bank of China цамхаг, Жон Кеннеди Ерөнхийлөгчийн номын сан, музейн барилгууд зэргийг дурдаж болно.
Ай М Пейн уран бүтээлүүд кубизмыг голчилсон орчин үеийн чиг хандлагыг агуулсан байдаг ба шил, ган төмөр, бетон зуурмаг түүний ашиглах дуртай барилгын материал юм. Нэрт уран барималч амьд ахуй цагтаа “архитектур бол цаг үеэ даган хувьсах чадвартай урлаг гэж би боддог. Урлаг болгохын тулд хэрэглээн дээр үндэслэн бүтээн байгуулах хэрэгтэй” хэмээн өгүүлж байжээ.
Гайхалтай уран барилгууд, шилдэг санаануудаараа маш олон шагнал хүртэж байсны дунд AIA Gold Medal, Praemium Imperiale for Architecture, Pritzker Prize зэрэг багтжээ. Pritzker-ийн шагналыг дагалдаж ирсэн 100,000 ам.доллараар АНУ-д архитектурын чиглэлээр сурах сонирхолтой Хятадын оюутнуудыг дэмжих тэтгэлгийн сан байгуулсан юм.
Эх сурвалж: www.bbc.com