Пакистан улсад 400 гаруй хүүхэд, 100 гаруй насанд хүрэгч ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болсныг илрүүлсний дараа эмнэлгийн ажилтныг санаатайгаар халдвар тараасан байж болзошгүй гэж сэжиглэн баривчлаад байна.
Тус улсын Ларкана хотын эмч Музафар Гангхаро гэгч этгээд саяхан ДОХ-ын халдвар авснаа мэджээ. Үүний дараахан буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэдийн дунд халдвар тархсан байна. Цагдаа нар сэжигтнийг энэ сарын эхэнд баривчилсан ба халдварыг санаатайгаар тараасан эсэхийг мөрдөн шалгаж байна.
Синдх мужийн ХДХВ/ДОХ-ын халдварыг хянах хөтөлбөрийн удирдагч Сикандар Мемонын хэлснээр Ларканагийн 13,800 хүнийг халдвар авсан эсэхийг шинжлэхэд 410 хүүхэд, 100 насанд хүрэгчийн хариу эерэг буюу халдварласан гэж гарчээ. Энэ нь бага насны хүүхдүүдийн эцэг эх гэр бүлд маш хүндээр тусч байгааг хэлсэн байна.
Тэдний нэг бол 10 настай Али Разагийн ээж Рехмат Биби юм. “Хүү маань ДОХ-ын халдвар авсан байж магадгүй гэдгийг сонсоод бидэнд маш хүнд байна. Тэр урьдын адил тоосноос харшилж ханиалгаж эхэлсэн. Хүүгээ эмчид үзүүлэхэд санаа зовох хэрэггүй гэж хэлсэн” хэмээн Биби ярьжээ. Гэвч тус хотод ханиад хүрсэн гэх оноштойгоор эмнэлэгт хандсан хүүхдүүдээс ХДХВ-ын халдвар илэрч байгааг сонсоод хүүдээ ч мөн сорил тавиулж үзэхэд харамсалтай нь эерэг хариу гарсан байна. Раза хүүгийн гэр бүлийн гишүүд бүгд шинжилгээ өгөхөд сөрөг гарч, тэр ганцаараа халдвар тээсэн байгаа юм.
Пакистан улс даяар нийт ХДХВ-ын халдвар тээгч 23,000 иргэн бүртгэгдсэн байдаг ажээ. Эрүүл мэндийн ажилтнууд улс орны ихэнх хэсэгт ариутгаагүй тариур хэрэглэснээс үүдэн ДОХ-ын халдвар тархах нь нийтлэг байгаа гэдгийг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.theguardian.com