Цагийн болон өдрийн ажилд зуучилдаг “Samushil HB” байгууллагыг танилцуулж байна. Тус байгууллага өнгөрсөн хугацаанд 10 мянган хүнийг ажлын байранд зуучилжээ. Салбарын захирал Л.Одонжаргалаас цагийн ажилд иргэдийг хэрхэн зуучилдаг талаар тодрууллаа.
-Танайх хүмүүсийг ажилд зуучлахдаа ямар шалгуур тавьдаг вэ. Насны хязгаар заадаг уу. Анх ирж байгаа хүн анкет бөглөх шаардлагатай юу?
-Манай байгууллагад ажил хийх гэж ирэхдээ ажлын хувцас, ажил хийх эрмэлзэлтэй байхад л болно. Анх ирж байгаа хүмүүс анкет бөглөх шаардлагагүй. Манайд нэг л зарчим бий. Хүнийг нас, хүйс, боловсрол, мэргэжил, бэлгийн чиг хандлагаар нь ялгахгүй гэж. Ажил хийхийг хүсээд ирж байгаа бол бүх хүнийг хүлээж авдаг. Гол нь тэр хүн ажил хийх чин хүсэлтэй байх ёстой.
Ажил хийх сонирхолгүй хүмүүс энүүгээр ирж үймүүлж байгаад явдаг. Өдөр бүр янз бүрийн хүмүүс ирдэг. Хорих газраас суллагдсан хүн ч ирдэг. Бид тэр хүнийг олны өмнө зарлаад байдаггүй. Монгол Улсын иргэн л юм бол иргэний үнэмлэхтэй байх ёстой. Түүнийг нь л үздэг. Нэг хоёр ажилд гаргаад тухайн хүнийг хэн бэ гэдгийг таних боломжтой.
-Голдуу ямар хүмүүс танайхаас ажил сурч ирдэг вэ?
-Манайх Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч ажилладаг. Ерөнхийдөө зорилтот бүлгийн хүмүүст үйлчилдэг. Ажил хийх сонирхолтой боловч ажил олж чадахгүй байгаа хүмүүс дийлэнх байдаг. Гэхдээ ажил хийдэг ч давхар ажил хийж мөнгө олох сонирхолтой хүмүүс бас ирдэг. Жишээ нь 24 цаг ажиллаад 48, 72 цаг амардаг ээлжийн ажилтай хүмүүс санхүүгийнхээ чадамжийг сайжруулахын тулд ирдэг. Мөн төрийн байгууллагын Цагдаа, Гал команд, Онцгой байдлын алба хаагчид үйлчлүүлдэг.
-Оюутнуудад цагийн ажил хэр олдоцтой байдаг вэ?
-Оюутнууд амралтын өдрүүдэд их ханддаг. Нэг өдөр ажиллаад таван өдрийнхөө хоолны мөнгийг олчих боломжтой. 18-20 насны залуучууд маань ажил хийх арга барилд суралцаагүй, эв дүй муутай байна. Гэхдээ манайд тав хоног ажилд гарчихад шал өөр болчихдог. Харин 20 гарчихсан, өмнө нь хар бор ажил хийж байсан залуучууд бол ажилд гологдохгүй. Манайх өглөө 6:00 цагт хаалгаа нээдэг. Хэн түрүүлж ирсэн нь хамгийн сайн өдрийн хоолтой, ааш сайтай захиалагчдын ажилд гарчихдаг.
Ер нь хүмүүс цалин бага ч эелдэг, хоол цайтай газрын ажлыг хийж өгөх дуртай байдаг. Манайхаар удаан үйлчлүүлсэн хүмүүс бие биенээ таньдаг болохоор баг болоод явчихдаг. Өглөө бүр ажилдаа явах гэж гараад манайхаас оногдсон ажлыг хийгээд явдаг хүмүүс ч байдаг. Эрт ирсэн хүмүүс самбар дээр бичээстэй байгаа захиалагчдаас ирсэн ажлаас сонгоод, тухайн ажил эхлэх цагт ажил дээрээ оччихсон байх ёстой. Гэхдээ манайд нэг л хүндрэл байдаг нь нийтийн тээвэр. Манай нийтийн тээвэр өглөө 7.00 гэж ажилдаа гардаг. Тэгээд манайхан “Нийтийн тээвэр явахгүй, ахлаа, гүйлээ, аль байдгаараа эрт ирж байна” гээд л 7.30-д орж ирэх нь энүүхэнд.
-Цалингийн хувьд хэдээс хэдийн хооронд байдаг вэ?
-Өдрийн үнэлгээ нь 30-35 мянган төгрөг байдаг. Гэхдээ зарим байгууллага 40, 50-ыг өгье гээд тохирох тохиолдол ч байдаг. Манайх 15-25 мянган төгрөг гэсэн захиалгад хүнээ явуулдаггүй. Ялангуяа хүнсний үйлдвэрүүдээс тийм захиалга маш их ирдэг. Өнөөдөр 12 хүн хэрэгтэй байна. Нэг хүнд 20 мянган төгрөг өгөөд орой 22:00 цаг хүртэл ажлуулъя гэдэг. Яагаад ч ийм байж болохгүй гэж бид боддог. Гадуур зөндөө тийм зарууд байна. Хүмүүс мэдэхгүй очоод л байдаг. Гэхдээ бүгдээрээ очихоо байчихвал тэд үнэлгээгээ өсгөхөөс аргагүй болно шүү дээ.
-Ажлын цагийг эндээс тохироод явдаг уу?
-Ажлын цагийг манайх тохирох ямар ч боломж байхгүй. Манайханд ганц л дутагдал байдаг. Нийгэм даяараа цаг баримталдаггүйг мэдсээр байж хэдээс хэд хүртэл ажиллах вэ гэж байнга асуудаг. Өдөртөө хийх ёстой ажлаа яс хийгээд, орой нь гар дээрээ хөдөлмөрийн хөлсөө авч байгаа залуус “Маргааш ямар ажил байна” гэж асуудаг. Өдөр өдөрт нь хөлсийг олгодогт маш сэтгэл ханамжтай байх шиг санагддаг. Мөн манайд хувь хүмүүс олноор ханддаг. Тухайлбал, гэртээ обой наалгая, байшингаа бариулъя, гэрээ цэвэрлүүлээд өдрийн хөлсийг нь өгье гэдэг.
-Ажил хийхээр ирж байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Хамгийн гол нь ажил хийх дур сонирхолтой байх хэрэгтэй. Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голдоггүй гэсэн үг байдаг шүү дээ. Ирж байгаа хүмүүс би энэ ажилд тэнцэх болов уу гэж бодож үздэггүй юм шиг санагддаг. Хийж чадах, чадахгүйгээ мэдэхгүй байж эхлээд цалин, цагийг нь асуудаг. Ингэж болохгүй. Солонгост ажлаа эрт дууссан бол тараачихдаг. Харин Монголд ажлаа эрт дууссан ч илүү ажил хийлгэх гээд байх тал бий. Хамаг хүчээ бараад эрт дуусгах гээд байх албагүй. Хүн өдөрт хэдий хэр ажил хийх боломжтой вэ гэдгийг гаргадаг “Хүн цаг” гэсэн ойлголт дэлхий нийтэд байдаг.
-Ажил олгогчдоос хүсэх зүйл байдаг уу?
-Захиалагчид маань хэлсэн амандаа хүрдэг, ажил хийх гэж байгаа хүмүүс эрт босдог байгаасай. Ажил олгогчид хүнээ зөв тооцоолж чаддаг байгаасай. Боол авчихсан юм шиг битгий хандаасай. Дээрээс нь эмэгтэйчүүдийнхээ цалинг жаахан нэмэхгүй бол Монголд эмэгтэй хүн ажилд гарахад тун хэцүү байна. 5-20 мянган төгрөг л санал болгож байна.
-Ажлаа хэр хийснийг үнэлдэг үү?
-Өглөө ажилд гарахад нь тамгатай бичиг өгөөд явуулдаг. Орой буухдаа тухайн очсон газраараа гарын үсэг зуруулж ирэх ёстой байдаг. Зарим үед тааруу үнэлгээтэй ирэх тохиолдол байдаг. Бид ажил олгогчтой эргэж холбогдон учрыг асууж, цалин хөлсийг нь дахин тохирдог.
-Ажил хийх боломжтой ч архины хамааралтай болчихсон хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс танайд хандаж болох уу?
-Үнэхээр ажил хийхийг хүсээд манайд хандвал хамтран ажиллах боломжтой. Манайд архи уудаг, хог түүдэг байсан хүмүүс ирж байсан. Цалин дээрээс чинь бага багаар суутгана шүү гээд ажлын хувцсаар хангаад явуулдаг. Анх ирэхдээ үс гэзэг нь өрвийсөн юм ирээд ажил хийгээд цэмбийгээд, орон гэртэй болоод явж байгаа олон хүн бий шүү.
-Танайх хэдэн салбартай вэ. Салбарынхаа байршил мэдээллийг өгөхгүй юу?
-Одоогоор Баянгол дүүрэгт гэхэд Гэмтлийн эмнэлгийн арын автобусны буудал дээр, Мөн нефтийн салбар буюу Орбитод нефтийн автобусны буудал дээр, Хаан банкны хажууд, 32-ын тойрогт, Депод, Цайз 16-д гээд нийт таван салбар бий. Бидэнтэй 99004804 гэсэн утсаар холбогдож болно.
О.ӨНӨРЦЭЦЭГ