Аливаа улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь эрчим хүч. Тиймээс эрчим хүчийг дэлхийн эдийн засгийн үндэс суурь ч гэж үздэг. ОХУ нь дэлхийн нефтийн илэрсэн нөөцийн 13 хувь, байгалийн хийн 34 хувийг дангаар эзэмшиж байна. Орос нь дэлхийн анхдагч эрчим хүчний 10 орчим хувийг үйлдвэрлэдэг. Тиймээс ОХУ-ын төрийн тэргүүн “Эдийн засгаа шинэчлэх тухай яривал эрчим хүчний шинэчлэлийн асуудал тэргүүнд яригдах ёстой” гэж тэмдэглэсэн байдаг. 2009 онд ОХУ-ын “Эрчим хүчний стратеги-2030” баримт бичгийг батлан гаргасан. Энэхүү баримт бичигт ОХУ зөвхөн өөрийн эрчим хүчний аюулгүй байдлаа хангах бус дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын системийг бүрдүүлэхэд гол тоглогч байх үзэл санааг тусгасан байдаг.
Энэхүү стратегийг хэрэгжүүлснээр ОХУ экспортын чиглэлийг олшруулах замаар олон улсын эрчим хүчний аюулгүй байдлын системийг бүрдүүлэхэд боломжтой хэмжээнд оролцох, улс орны эдийн засаг нь нефть, хийгээс бүрэн хараат байдлыг багасгах, өнөөгийн ОХУ-ын ДНБ-д түлш, эрчим хүчний салбарын эзэлж буй 30 хувийг 18 хувь болгон бууруулах, нэг хүнд ногдох эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэрийн хэмжээг 40-өөс дээш хувиар нэмэгдүүлэх, зарим тохиолдолд 80 хүртэл хувиар нэмэх зорилттой байгаа аж. Олон улсын эрчим хүчний системд тэргүүлэгчдийн эгнээнд байхын тулд эрчим хүчний салбарт хамтарч ажиллах олон улсын хамтын ажиллагааны найдвартай эрх зүйн үндсийг бий болгохыг оросууд санал болгосоор байсан.
Гэхдээ хойд хөрш эрчим хүчний “тоглогч” байсан хэвээр бөгөөд өнөөгийн удирдлагууд “Оросыг хэзээ ч эрчим хүчний их гүрэн гэж нэрлэхгүй. Гэвч бид хэнээс ч дутахааргүй нөөцтэй. Бид үргэлж хариуцлагатай хөдлөх болно” гэдгээ онцолдог. ОХУ-ын Засгийн газар ирэх 2030 он хүртэлх эрчим хүчний салбарын стратегийн хүрээнд нүүрсний салбарын стратегийг баталсан. Салбарыг шинэ түвшинд гаргахаар төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсвийн санхүүжилт нь нийт санхүүжилтийн есөн хувиас /3.7 их наяд рублийн 251.8 тэрбум нь/ хэтрэхгүй байхаар тусгасан. Хөтөлбөр ёсоор 2030 он гэхэд нүүрс олборлолт 430 сая тонн хүрч өсөн нэмэгдэх бөгөөд үүнийг 82 ил, 64 далд уурхайгаас олборлох аж. Нүүрсний салбарын хөдөлмөрийн бүтээмжийг 2010 онтой харьцуулахад 2030 онд тав дахин өснө гэж үзжээ. Нүүрс олборлолтын сав газар Баруун Сибирээс Дорнод Сибир, Алс Дорнод руу чиглэх аж. Өнөөгийн нөхцөлд олборлож буй нүүрсний 40 хувийг баяжуулж байгаа бол 2030 он гэхэд 60 хувьд хүргэх юм байна. Нүүрсний бусад төрлийн дахин боловсруулалтыг 80 гаруй хувьтай болгох зорилт ч тавиад байгаа аж.