Майкл Ватсон хоёр жилийн өмнө 190 см өндөр, 151 кг жинтэй байжээ. Энэ жил 18 нас хүрч байгаа хүүгийн хэлснээр тухайн үед өөртөө огт итгэлгүй байсан гэнэ.
Охайогийн Кантон хот дахь МакКинли ахлах сургуулийн сурагч өөрчлөлт хийхийн тулд өдөр бүр сургуульдаа очихдоо, хичээлээ тараад харихдаа алхаж эхэлсэн байна. Талдаа ердөө 20 минут зарцуулж алхан, хоолны дэглэмээ бага зэрэг өөрчилжээ. Энэ сард ахлах сургуулиа төгсөх хүү алхаж эхэлснээсээ хойш хэдий нь 45 кг жин хаясан байна.
Бороо цас орж байсан ч Ватсон зорилгоо тээн алхсаар сургуулийн автобусны цагийн хуваарийг ч мартжээ. Хүмүүс түүнийг машинд суухыг санал болгодог ч Майкл татгалздаг байна. Хичээлийн дараа түргэн хоолны газар ажиллаж таалагдсан охиноо болзоонд урихдаа ичдэг байсан бол одоо тэр хэн нэгэнтэй болзоход сэтгэлээр унахааргүй өөртөө итгэлтэй болсон тухайгаа ярьжээ.
Майклын сурдаг МакКинли ахлах сургуулийн гэр бүл, төгсөх сургалтын мэргэжилтэн Терранс Жонс түүний түүхийг бусдад танилцуулж урам зориг өгөхөөр ажиллаж байна. Жонсын хэлснээр ахлах ангийн сурагч өөрийгөө өөрчлөхийн төлөө ийм хэмжээний зориг гаргах нь тун ховор төдийгүй амаргүй ажээ. Майклын зуршил эрүүл амьдрахад нь тустай тул насан туршид нь хамт байх дадал хэвшил юм.
Өнгөрсөн хугацаанд түүнд шантрах үе ирсэн ч сургуулиа төгсөөд урлагийн чиглэлээр сурч ажиллан жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд өдөр бүрийг шинээр эхлүүлж чаддаг байсан хэмээн ярьжээ. Мөн “хэрэв ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ бодож хүсвэл хэн ч юуг ч хийж чадна” гэсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com