Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 200 сурагчаас сүрьеэ өвчний халдвар илэрчээ гэдэг мэдээллийн дагуу ХӨСҮТ-ийн Сүрьеэ өвчний тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандахтай холбогдож тодруулахад “Төв аймаг Сүмбэр суманд сүрьеэ өвчний тандалт судалгааг хийхээр өчигдөр манай эмч нарын баг явсан. Гэхдээ яг одоогоор надад албан ёсны тайлан мэдээгээ ирүүлээгүй байна. Үдээс хойш албан ёсны тайлан мэдээлэл ирэхээр мэдээлэл өгье” гэв.
Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн захирал Р.Гэрэлсайхан болон тус сумын хүн эмнэлгийн дарга Н.Энхболд нартай утсаар холбогдож тодруулга мэдээлэл авахыг хүссэн боловч тэд утсаа авсангүй.
Харин тус сумын ИТХ-ын дарга Г.Амарбаясгалантай холбогдож тодруулахад “Манай сумын сургуульд 300 гаруй хүүхэд л суралцдаг. Өчигдөр аймгаас хүмүүс ирж ажиллаж байгаа гэж байсан. Харин 200 хүүхдээс сүрьеэгийн халвар илэрсэн гэх мэдээлэл худлаа. Хэрвээ үнэн байсан бол надад мэдээлэл ирэх ёстой байсан” гэлээ.