Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Элэг бүтэн монгол” хөтөлбөр өнгөрсөн оноос хэрэгжиж эхлээд байгаа. Манай улсын хүн амын нас баралтын голлох шалтгаан болох элэгний хавдар хоёрдугаарт ордог. Иймээс иргэдийг дээрх өвчлөлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жил хэрхэн хэрэгжих талаар НЭМГ-ын Хавдар, сэтгэцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Батцэцэгтэй ярилцлаа.
-Түрүү жилийн “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хэрэгжилт хэр байв?
-Өнгөрсөн жилийн хувьд эрүүл мэндийн даатгалт хамрагдсан 40-65 насны иргэдийг эрт үзлэг шинжилгээнд хамруулсан. Хамрагдалтын хувь нийслэлд 40 хувьтай байсан.
-Энэ жил 15-39 насны иргэдийг хамруулахаар болсон гэсэн. Өнгөрсөн жил хамрагдаж чадаагүй иргэд энэ жил оношлуулах боломжтой юу?
-Энэ жил 15-39 насны иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар зорьсон байгаа. Өмнөх онд хамрагдаж чадаагүй 40-65 насныхан мөн 65 дээш настай иргэд эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж болно. Иргэдийн хувьд заавал эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн байх ёстой бөгөөд цахим үнэмлэх, амбулаторийн карттайгаа Өрхийн эрүүл мэндийн төв дээр ирэн В,С вирусын эрт илрүүлэх шинжилгээнд орж болно. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд оношлуур хэрэгслийг ханган нийлүүлсэн учир иргэдийг хүлээж авч эхэлсэн.
-В,С вирус илэрсэн тохиолдолд хаана хандах вэ?
-Энэ жилээс өндөгний цуснаас шинжилгээ аван хариуг нь 15 минутын дотор гарган өгч байгаа. Вирус илрээгүй бол та тайван байж болно. Гэхдээ жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх шаардлагатай. Харин В,С вирус илрэх юм бол дараагийн шатлалын эмнэлэгийн эмчийн хяналтанд хамрагдах юм. В, С вирусын оношлуур 98-99 хувийн баталгаатай бөгөөд эргэлзээтэй бол баталгаажуулах шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв дээр хийнэ. В,С вирус илэрсэн бол эмч нарын хяналтанд орж дараагийн шат болох вирус тоолох шинжилгээнд хамрагдана. Өнгөрсөн жилийн хувьд В,С вирус илэрсэн өвчтөнүүд эмчилгээгээ орхигдуулах, эмээ уухгүй байх зэрэг тохиолдол гарсан. Иймээс энэ жилээс В,С вирустай иргэдтэй эмч уулзан вирусны эсрэг эмчилгээнд хамрагдах боломжтой эсэхийг асууж таны боломжит хугацаанд эмчилгээгээ эхлэхээр болсон. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зөвшөөрөлтэй 21 хувийн лаборатори байгаа. Дээрх газарт даатгалаараа үнэ төлбөргүй вирусээ тоолуулах боломжтой. Иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас олгогддог хөнгөлөлттэй эмнүүдээс худалдан авч болно. Хөнгөлөлт эдлэх дээд хэмжээ нь 200 мянган төгрөг байгаа.
-Вирус илрээгүй бол вакцинд хамрагдаж болох уу?
-Хэрвээ та В вирусгүй гарсан бол вакциныг сайн дурын дархлаажуулалтаар ХӨСҮТ хандан хийлгэж болно. Аливаа байгууллага аж ахуйн нэгжүүд “Элэг бүтэн монгол” хөтөлбөрт ажилчдадаа төлбөргүй бүрэн хамруулах ажилд хамтран ажиллахад нээлттэй. Түүнчлэн оюутны эрүүл мэндийг дэмжих сар тохиож буй болохоор нийт их дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутнуудыг В,С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах юм.
-Хөдөө орон нутгийн иргэд хэрхэн хамрагдах вэ?
-Орон нутгийн иргэдийн хувьд харьяа эрүүл мэндийн төвдөө хандаж болно. Хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирсэн болон харьяалалын бус иргэд хамгийн ойр өрхийнхөө эрүүл мэндийн төвд хандан оношлуулж болно. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагатай. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын бүх иргэд нэг удаа үнэгүй оношлуулж, шинжлүүлж, эмчлүүлэх эрхтэй.
-Яагаад заавал 15 наснаас эхэлж эрт илрүүлэх шинжилгээг авч байгаа юм бэ?
-1991 оноос хойш төрсөн хүүхдүүд В эсрэг вакцинжуултанд хамрагдсан. Энэ вакциний тогтоц, баталгаажилт ямар байгааг судлаагүй. 15-аас дээш насны хүүхдүүд В,С вирусын халдвар авах өндөр магадлалтай. Жишээлбэл, шивээс, тариа хийлгэх, мэс засал, янз бүрийн гоо сайхны үйлчилгээнд орох, бэлгийн замаар халддаг учраас. Ер нь арьс салст гэмтсэн тохиолдолд вирусын халдвар авдаг билээ. Ер нь бол манай улсад илрээд байгаа хавдрын 80 хувь нь гурав, дөрөвдүгээр шатантаа хүрчихсэн эмчлэх боломжгүй хэмээн оношлогдон үлдсэн хувь эрт илрээд байгаа юм. Аль болох эрт илрүүлснээр өөрийнхөө амь насыг аврах боломжтой.
Сэтгүүлч:Т.Сайнбуян