Х.Өлзийбаяр
АНУ-ын Калифорни мужид байдаг Цахиурын хөндийг дэлхийд хамгийн хурдан хөгжиж байгаа “Тусгаар улс” ч гэж бас болно. Энэ бол уг нь Санта-Кларын хөндийд боссон нэг хот. Энэ “улс”-ыг компьютерийн хувьсгал, АНУ-ын шинжлэх ухаан дэвшлийн бэлгэ тэмдэг гэж болно. Сүүлийн 10 жилд Цахиурын хөндий технологи боловсруулалтаараа дэлхийд хэдэнтээ тэргүүлээд чухам үүгээрээ дэлхийн бусад орнуудад үлгэр жишээ болж байгаа юм. Энэ нь яг энд манай гаргийн өндөр технологийн компани, корпорацууд төвлөрсөнтэй холбоотой. Цахиурын хөндий гэдэг нэрийг анх Калифорнийн бизнесмэн Ральф Верст, түүний найз Дон Хофлер нар 1971 онд “Silicon Valley USA” нэртэй цуврал өгүүлэл нийтлүүлснээр өгсөн гэдэг.
1950-иад онд физикч Уильям Шокли Калифорнид ирж хагас дамжуулагч бүтээсэн гэдэг. 50-иад оны сүүлчээр тэр анхны микропроцессорын Fairchild Semiconductor компани байгуулж үйлдвэрлэлдээ цахиур ашигласныг эндхийн нэртэй бас холбодог.
Энэ бүхэн юунаас эхэлсэн бэ
Шинэ технологийн бүс байгуулах санааг анх Стэнфордын их сургууль гаргасан байна. Дайны дараах жилүүдэд тус сургуульд өөрийгөө хөгжүүлэх хөрөнгө нэг их байсангүй. Газар нь байгаад байсан атлаа хөрөнгө байдаггүй. Сургуулийн удирдлага энэ газраа технологийн салбарт инновац боловсруулдаг компанид удаан хугацаагаар түрээслүүлэхээр шийдээд өөрөө судалгааны төв нээжээ. Ингэснээр тус сургуулийн авьяаслаг төгсөгчид нь Калифорни руу ажил хайж явахын оронд ийшээ очиж ажилд орцгоодог болж. Чухам Стэнфордыг төгсөгч Уильям Хьюлетт, Дэвид Паккард нар Цахиурын хөндийн анхдагч болж үлдсэнээр өнөөдөр IT салбарын мундагчуул болоод байгаа нь тэр.
Өнөөдрийн Цахиурын хөндий
Өнөөдрийн Цахиурын хөндий бол өндөр технологийн хамгийн шилдэг аж ахуйн нэгжүүдийн талбар болоод байна. Энд өнөөдөр инновац, компьютер, программ хангамж, биотехнологи, үүрэн телефоны холбооны хамгийн шилдэг төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Энэ нь Цахиурын хөндий өөрөө Америкийн томоохон хотууд, нэр хүндтэй их сургуулиудтай ойр байгаатай нь бас холбоотой.
Дэлхийн нэртэй тэргүүлэх том Apple, Google, Facebook, Intel, AMD, Electronic Arts компаниудын төв байрууд ч энд байрладаг. Сүүлийн үед электрон хэрэгсэлтэй холбоотой томоохон төсөл, шинэ дэвшил чухам Цахиурын хөндийгөөс л гараагаа эхэлж байгаа гэж болно.
Цахиурын хөндийд тэр орчмын таван их сургууль харьяалагддаг бол өмнө дурдсанчлан дэлхийд шилдэгт орох 7000 мянга орчим компани аж ахуйн нэгж байна. Microsoft, PayPal, Netscape зэрэг IT компаниуд эндэхтэй нэг их холбоотой биш боловч төлөөлөгчийн газруудаа тэнд байлгадаг.
Өндөр цалин, өрсөлдөөн
Цахиурын хөндийд цалин хөлс өндөр ч тэр хэрээрээ амьжиргааны түвшин бас өндөр асар их зарлага хэрэгтэй гэдэг ч бусад том IT хотуудыг бас арай гүйцэхгүй. АНУ-д өнөөдөр 120 мянган доллар бол сайн цалин гэдэг ч Сан-Франциско хотод ганц бие хүний амьдралд арай чүү хүрнэ. Гэтэл Цахиурын хөндийд ийм цалингаар амь зуугаад байж болох ч байр худалдаад авч хараахан чадахгүй. Бас аялал зугаалга зэргээс татгалзах л хэрэгтэй болно. Амьжиргааны өртөг өндөр, цалин хөлс муугүй ч Цахиурын хөндий яахын аргагүй үнэтэй чадварлаг боловсон хүчний уурхай. Ийм болохоор нэр хүнд бүхий компаниуд, чадварлаг мэргэжилтнүүдийн дунд ширүүн өрсөлдөөн байдаг.
Саятнуудын хөндий
Энэ хөндий, түүний бүсэд АНУ-ын саятнуудын дийлэнх нь амьдардаг гэвэл та итгэх үү. Ийм ч болохоор Цахиурын хөндийг бас Саятнуудын хөндий гэж нэрлэх нь бий. Компьютерийн хөгжил дэвшлийн энэ уурхайд өмнө дурдсанчлан компаниуд, чадварлаг мэргэжилтнүүдийн өрсөлдөөний хэрээр цалин өндөр. Жирийн программч л гэхэд 108 мянган долларын цалин авна. Эзэмшсэн мэргэжилдээ чадамгай сайн мэргэжилтнүүд Цахиурын хөндийд ажилд орохсон гэж мөрөөдөж тэмүүлдэг байна.
Амжилтын нууц нь юу вэ
Ийм их нэр хүнд, амжилтын нууц нь юу вэ? Яагаад ингэж алдаршив? Тархи, оюун ухаан уу, мөнгө үү. Огт өөр зүйл. Энд шинэ зүйлд хөрөнгө оруулах, эрсдэлээс эмээдэггүй. Ямар нэгэн санаа, солиотой ч гэмээр зүйл сэдэж, түүнийг бодит зүйл болгохоос хэн ч айдаггүй. Энд мэргэжил нэгтнүүд бие биедээ итгэж, бүгд санаа нэгдэн хамтран ажилладаг. Энэ таны арьсны өнгө ямар байна, гарал үүсэл, хаанахын хэн бэ гэдэгт хэн ч анхаарахгүй зөвхөн таны мэргэжил мэдлэгийг л анхаарна. Энд зөвхөн оюун ухааны тэмцэл, өрсөлдөөн л үргэлжилнэ. Энд хэн ч шинэ санаа гаргаж, алдаж болно, гэхдээ үүнээсээ айх хэрэггүй. Ер нь л шинийг сэдэж, сэтгэж уйгагүй хөдөлмөрлөхийг шаарддаг. Ингэж байж энэ хөндий тэр чигээрээ өндөр технологи, тоон ирээдүйг ойртуулж, үүндээ ч итгэлтэй байгаа хэрэг.
Энд очсон хэн ч өмнө дурдсан том компаниудын албан байраар үнэ төлбөргүй орж танилцан, гудамжинд энгийн жинс өмссөн Марк Цукербергтэй тааралдаж Стив Жобсын музей үзэж, нэртэй хөрөнгө оруулагчид, бизнесмэний кафед сууж болно. Нэртэй төгсөгчдийнхөө нэрийг ханан дээрээ сийлсэн алдарт Стэнфордын их сургуулийн байраар орж бас болно. Үгүйдээ л дэлхийн нэртэй брэндүүдийн албан байрны өмнө зургаа татуулж болно шүү дээ.