Боинг компанийн шинээр үйлдвэрлэсэн 737 Мах 8 загварын хоёр онгоц ойрхон осолдсоны дараа дэлхийн нислэгийн компаниуд энэ загварын онгоцуудаа түр газардуулаад байгаа. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ослын шалтгаан бүрэн тодорхой болтол дахин нисгэхээс татгалзаад байгаа юм.
Этиопын Эйрлайнсын ашиглаж байсан Боинг 737 Мах 8 онгоц осолдож дотор нь байсан бүх хүн амиа алдсаны дараа буюу дөрөвдүгээр сар гарснаас хойш тус компани шинээр огт захиалга аваагүй байна. Зөвхөн 737 Мах загвар ч төдийгүй бусад загвараас захиалга орж ирээгүй гэдгийг мэдэгджээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр Этиопт осолдсон 737 Мах 8 загварын онгоцыг худалдаж авахаар 5,000 гаруй захиалга ирсэн байсан ба 350 ширхгийг үйлдвэрлээд байсан юм. Боинг компанийн хувьцааны ханш ойрын жилүүдэд байгаагүй хамгийн доод түвшиндээ хүрснийг олон улсын хөрөнгийн биржүүд мэдээлсэн. Ажиглагчдын зүгээс компанийн удирдлага худалдан авагчдадаа борлуулалт хийхийн тулд хамгийн хямд үнийг санал болгож магадгүй байна.
Хамгийн сүүлд гуравдугаар сарын 15-ны өдөр Луфтханса Эйрлайнс 787 Дриймлайнер онгоцоос 20 ширхгийг, мөн сарын 22-ны өдөр Бритиш Эйрвэйс 777Х загвараас 18 ширхгийг захиалжээ.
Эх сурвалж: www.cnn.com