Томуу, томуу төст өвчний онцлог, урьдчилан сэргийлэх зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгууллаа.
Монгол Улс шиг сэрүүн, хуурай уур амьсгалтай улсуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт жил болгон гардаг ба өвчлөл их байдаг. Тэгвэл томуу, томуу төст өвчин, томуугийн цар тахалтай тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажил биш. Олон салбарууд хамтран ажилласны үр дүнд өвчлөлийг бууруулах боломжтой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцоллоо.
Томуугийн улирал ирдгээрээ ирнэ хэрхэн хохирол багатай даван гарахад эртнээс бэлдэх нь чухал. Томуугийн вакциныг хүн амынхаа 40 хувьд хийснээр тархалт багасна. Өнгөрсөн жилийн намар гэхэд манай улсад H1N1 вирусийн эсрэг тамифлю эм нэг ширхэг ч байгаагүй бөгөөд хэн хангах нь тодорхой бус байсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яаралтай тусламжаар тамифлю эм ирүүлснээр аврагдсан. Тэгвэл энэ жил ЭМЯ тодорхой хэмжээнд тамифлю эмийг нөөцлөхөөс гадна эрүүл мэндийн байгууллагуудын төсөвт суулгах хэрэгтэй гэдгийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр дурдаж байлаа.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх, поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид “Эрсдэл бүлгийн хүүхэд, томчуудыг томуугийн эсрэг вакцинд хамруулах хэрэгтэй. Вакцинд хамруулснаар хамгийн гол нь томуугийн хүндрэлд өртөхгүй байх боломжтой.
-Томуугийн улирал ирдгээрээ ирнэ. Түүнээс өмнө эцэг, эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Зуны улиралд бага насны хүүхдийг чийрэгжүүлэн дархлааг нь дэмжих хэрэгтэй. Дархлаа дэмжинэ гэдгийг иргэд эм, бэлдмэл хэрэглэснээр бий болгоно гэж үзээд байдаг. Гэтэл дархлааг нойр, хоол тэжээллээр дэмжин олж авдаг. Бага насны болон өсвөр насны хүүхдийг 21:00 цаг гэхэд оронд оруулаад 22:00 цаг гэхэд унтуулах ёстой. Яагаад гэвэл дархлааны хэдэн сая эсүүд байдаг. Тэр эсүүд чадамжтай байж халдварыг эсэргүүцэх буюу маргаашийн эрч хүчийг олж авдаг.
Эдгээр олон сая эсүүд 22:00-24:00 цагийн хооронд эсийн түвшинд чадамжаа бүрдүүлж байдаг. Тэр үед нь унтсан байх ёстой.
Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоол тэжээлийн дутуу байдал нь дархлааг нь муутгадаг. Дархлаа гэдэг нь амралт, хоол тэжээл гэж ойлгож болно. Түүнээс биш дархлааг сайжруулах эм бэлдмэл гэж байхгүй. Зүгээр вирусийн эсрэг бэлдмэлийг дархлааг дэмждэг бэлдмэл гэж өрөөсгөл ойлгоод байгаа. Дархлааны бэлдмэл гэдэг нь вирус биед ороход халдварлагдах чадварыг хязгаарлаж байдаг. Иймээс амралт, зөв хооллосноор дархлаагаа сайжруулах боломжтой.