Шри Ланка улсад исламын шашинтнуудын эсрэг жагсаал бослого газар авч улс орон даяар хөл хорио тогтоогоод байсан бол өнгөрсөн шөнө хөл хориог дахин сунгалаа. Улаан өндөгний баярын үеэр исламын хэт даврагсад халдлага үйлдэж 250 гаруй хүн амиа алдсантай холбогдуулан иргэд эсэргүүцэл илэрхийлж байна.
Даваа гарагт жагсаал тэмцлийн үеэр гарсан эмх замбараагүй байдал мөргөлдөөний үеэр исламын шашинтай эрэгтэйг хүйтэн зэвсгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Цагдаа нар 60 гаруй хүнийг баривчлан саатуулсны дотор буддын шашны бүлгийн удирдагч багтсан байна.
НҮБ-ын зүгээс ард иргэдийг тайван байж, үзэн ядалтаа дарахыг уриалжээ. Энэ долоо хоногийн эхэнд тогтоосон хөл хорио мягмар гарагт үргэлжилж үдшийн 21 цагаас хойш ард иргэд оршин суугчдыг гадаа гудамж талбайд гарахыг хориглосон байна.
Улсын баруун хойд мужид байдал хамгийн хурцадмал байна. Энэ хэсэгт хөл хорио тогтоосон хугацааг үргэлжлүүлэн сунгана гэж Шри Ланкийн цагдаагийн газраас мэдэгдэв. Коломбо хотод хэв журам сахиулах цагдаа нар мөргөлдөөнийг намжаахын тулд хиймэл сумтай буугаар агаарт галласан байна.
Тус улсын 22 сая хүн амын 10 орчим хувийг исламын шашинтууд эзэлдэг ба ард иргэдийн дийлэнх нь буддын шашинтай. Исламын шашныг эсэргүүцэн босч байгаа иргэд Коран судруудыг шатааж, исламын шашны сүм рүү дайрч цонх хаалгыг нь эвдэж байна.
Цагдаагийн дарга Чандана Викрамаратне эмх замбараагүй байдлыг намжаахын тулд бүх хүчин чадлаа дайчлахаа мэдэгджээ. Харин Ерөнхий сайд Ранил Викремесингх ард иргэдийг амар тайван байхыг уриалж өнгөрсөн сард гарсан аймшигт халдлагын хэргийн мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэхээ амласан байна. Эрх баригчид эмх замбараагүй байдал, тэмцэл мөргөлдөөн газар авахаас сэрэмжилж Facebook, WhatsApp зэрэг олон нийтийн цахим сүлжээнүүдийг хаасан юм.
Эх сурвалж: www.bbc.com