Дэлхийн банкууд, пүүс компаниуд блокчэйн технологи дээр суурилсан анхны худалдааны хувилбараа ашиглаж эхэллээ. Газрын тосноос авахуулаад, үр тариа хүртэл олон төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаанд блокчэйн технологийг ашиглана. Өнгөрсөн жилүүдэд блокчэйн дээр суурилсан худалдааны туршилтуудыг олон явуулсан ч энэ удаад аль ч компани пүүс нэгдэх боломжтой, нээлттэй гэдгээрээ анхдагч бас онцлог юм.
Швейцарийн Женевт төвтэй “KomGo SA” компани эрсдэлтэй энэ алхмыг хийж байна. Үүсгэн байгуулагчдад “ABN AMRO”, “BNP Paribas”, “Citi”, “Credit Agricole” групп, “Gunvor”, “ING”, “Koch Supply & Trading”, “Macqaurie”, “Mercuria”, “MUFG Bank”, “Natixis”, “Rabobank”, “Shell”, “SGS”, “”Societe Generale нар багтжээ. “KomGo SA” блокчэйн дээр суурилсан хамгийн анхны худалдаагаа эрчим хүчний салбарт газрын тос худалдаалж тээвэрлэхэд ашиглана. Ирэх онд газар тариалан, металл эрдсийн худалдаа хийнэ гэжээ. Санхүүтэй холбоотой бүх асуудлаа блокчэйн платформоор зохицуулна.
Блокчэйнийг хамгийн анх цахим мөнгөн тэмдэгт биткойн дээр туршиж байсан ч алдаа гаргах эрсдэлийг багасгаж, ил тод байдлыг дэмжих үүднээс олон төрлийн салбарт ашиглаж болох шийдэл юм. Цаг тухай бүрт нь мэдээллээ шинэчлэх, гуравдагч этгээдийн оролцоогүйгээр шилжүүлэг хийх зэргээр хэрэглээнд нэвтрүүлж болно. Худалдан авагч, худалдаалагч талууд уул овоо шиг бичиг баримтанд дарагдалгүй дижитал захидал ашиглан ажлаа аюулгүй бас шуурхай амжуулах арга юм.
Эх сурвалж: www.reuters.com