Нэг хүнээс хосуудын анхны аяллын талаар сэтгэгдлийг нь сонсоход огтхон ч эргэлзэлгүй “энэ бол салалтын аялал” хэмээн хариулжээ. Үүнтэй санал нийлэх хүн цөөнгүй ч шинэхэн хосууд анхны аяллаа аз жаргалтай хамтын амьдрал, хайр, үерхлийн эхлэл болгох тийм ч хэцүү биш шүү дээ. Мэдээж хэрэг аялалд гарна гэдэг хамт унтах, зурагт үзэх, хөгжим сонсохоос өөр. Хэрэв та шинэхэн найз бүсгүй, найз залуутайгаа цоглог зуны аялалд гарах гэж байгаа бол дараах зүйлсийг анхааралдаа авахад илүүдэхгүй хэмээн The Guardian онцолжээ.
Эхлэлээ зөв тавих хэрэгтэй
Амралтаа хамт өнгөрөөх нь хэн хэнээ илүү сайн мэдэж дотносох сайхан арга. Та ганцаараа далайн эрэгт амрах эсвэл эрсдэлтэй аялалд явах дуртай байж магадгүй. Гэхдээ та энэ удаад хоёулаа явах тул эхлээд хамтрагчийнхаа саналыг сонсох хэрэгтэй. Тиймээс хосууд анхны аялалдаа гарахаас өмнө санал сэтгэгдлээ нээлттэй харилцан солилцох хэрэгтэй гэдгийг хосуудын харилцааны эмч Кэйт Моиль хэлжээ. Юу хүсч, юу хэрэгтэй байгаагаа ойлголцох нь чухал.
Юу ч болж магадгүй
Хосууд хамт байх бүх цаг хугацаагаа хөгжилтэй мэтээр төсөөлж, хэт өндөр хүлээлттэй байдаг. Бодит байдал өөр гэдгийг амьдралын талаар хичээл заадаг Сара Стэйн Лубрано багш зөвлөжээ. Хөгжилтэй зүйл тэр бүр тохиолдохгүй тул үүнд бэлтгэлтэй байгаарай. Урьдчилан бэлтгэлтэй байснаар ямар нэг зүйл буруугаар эргэхэд арай бага уурлаж, стрессдэнэ гэж үздэг.
Төлөвлөгөөгөө зөв хуваарилах
Хаашаа явахаа хамтдаа шийдсэн нь илүү дээр. Хэн нэгнийхээ мэддэг газрыг сонгохын оронд хоёулаа явж үзээгүй газраа сонгох нь хавьгүй дээр гэдгийг харилцааны мэргэжилтнүүд зөвлөж байна. Хамтдаа судалж, хамтдаа суралцаж, хамтдаа шинэ содон зүйлтэй танилцах илүү сонирхолтой. Хосуудын зарим нь бүх зүйлээ нэгэндээ даатгаснаас илүү их хүлээлт үүсч харилцаа бүтэлгүйтэх нь бий.
Мөнгө санхүүгийн талаар нээллтэй ярих
Анх удаа амралтаа хамт өнгөрөөхөөр аялалд гарч байгаа хосуудын хувьд мөнгө эмзэг асуудал байж магадгүй. Тиймээс аяллын турш сэтгэл хангалуун байхын тулд урьдчилан ярилцаад төлөвлөж, төсөвлөчихвөл амар биш гэж үү.
Тээврийн хэрэгсэл болон тухлаг сууцны талаар бодит төсөөлөлтэй байх
Аяллын турш стресс багатай байх бүх л аргыг сонгох хэрэгтэй. Онгоцоор нисэх гэж урт дараалал, олон саад бэрхшээлтэй тулгарч байхын оронд машин түрээслээд явж болно гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ найдвартай жолоочгүй бол тэгэх хэрэггүй. Харин галт тэргийг сонговол та хоёрт өдөржин сууж ярилцах боломж гарч ирнэ. Мөн унадаг дугуй тун романтик унаа гэдгийг бодолцоорой.
Энгийн үеийнхээс бага зэрэг илүү бай
Та шинэ найз бүсгүй, залуутайгаа аялалд гарахдаа гар утасны цэнэглэгчээ мартчихсан байвал өөрийгөө хүнд байдалд оруулна гэдгийг санаарай. Нэн ялангуяа шинэхэн хосынхоо дэргэд одоо ч үнэлгээ авч байгаа гэдгийг мартаж болохгүй. Тиймээс бүгдийг урьдчилан төлөвлөж зохих ёсны дагуу бэлтгэлээ базаа. Тасалбар, захиалгын хуудсуудаа гар утсан дээрээ хадгалахаас гадна хэвлэж авах хэрэгтэй. Очих газраа мэдэхгүй, хуучин мэйлийнхээ нууц үгийг санахгүй байх гэхчлэн асуудлуудаас болж бүхнийг нураах хэрэггүй.
Ядаж ганц ч гэсэн тоглоомын санаа бэлдээрэй
Хэрхэн романтик байдлаар амралтаа өнгөрөөхөө мэдэхгүй байж магадгүй. Тэгвэл тааврын ном, хөгжилтэй санаа зэрэг наргиан зугаатай уур амьсгал бүрдүүлэх тоглоомын санаа олоорой.
Ном...
Та хоёрын хамтдаа өнгөрүүлэх бүх цаг хугацаа үлгэрийн мэт төсөөлөгдөж байгаа ч хоногт доод тал нь найман цаг хамт байхад төсөөлсөн шиг тань байхгүй боловуу. Тиймээс хоёр биендээ хувийн орон зай үүсгэхийн тулд зарим үед тусдаа байх нь дээр. Чихэвчээ зүүж, ном унших завсарлага авах боломжийн санаа шүү.
Аяллаас эргэн иртлээ цаашдын харилцааныхаа талаар ам нээх хориотой!
Энэ бол дээрх бяцхан зөвлөмжийг амралтаа хамт өнгөрөөх гэж буй шинэхэн хосуудад өгсөн The Guardian-ын багийнхны өгч буй хамгийн чухал хэсэг юм шүү.
Эх сурвалж: www.theguardian.com