Монгол Улсын их сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд өнөөдөр нэгэн сонирхолтой үзэсгэлэн дэлгэгджээ. Тодруулбал, “Улстөрчдийн гарын бэлэг” буюу хэн, хаана, юу тараав нэртэй сонгогчдын "хахуульддаг" улс төрчдийн гарын бэлгүүдийг үзэсгэлэн болгон дэлгэж харуулсан байна.
Тэдгээр бэлгүүдэд нь, аяга, шанага, халуун сав, цаг тооны бичиг, ном, гурил будаа гээд улс төрийн сонгуулийн үеэр иргэдэд үнэгүй тараадаг эд зүйлс багтжээ. Ихэнх улстөрчийн гарын бэлэгт УИХ-ын гишүүний өөрийнх нь зураг, овог, нэр бичээстэй байх аж.
“Улстөрчдийн гарын бэлэг” буюу хэн, хаана, юу тараав үзэсгэлэнд зориулан оюутнууд богино хугацаанд 100 гаруй гарын бэлэг цуглуулжээ. Уг үзэсгэлэнд 2000 оноос хойших сонгуулийн үеэр тараагдсан гарын бэлгүүдийг дэлгэн харуулсан байв.
Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай “Улс төрчид өөрсдөө зарчимтай байж бэлэг гэдэг зүйлсээс таталцаж, өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Манай оюутнууд нэг айлд хэдэн төгрөгийн гарын бэлэг өгсөн цаашлаад тухайн тойргийн сонгогчдод хэдэн төгрөг зарцуулсан талаарх төсвийг гарган хэлэлцүүлэг зохион байгуулна” хэмээв.
Улс төр судлалын тэнхимийн гуравдугаар түвшиний оюутан Г.Намжир “Сонгуулийн үеийн гарын бэлэгний хувьд ихэвчлэн ахмад настай иргэдэд зориулсан байсан. Дээрх хүмүүст гарын бэлэг өгснөөр санал авах боломжтой гэж үзсэн юм болов уу. Бэлэг өгөх нь буруу. Заавал бэлэгт хуурталгүйгээр хариуцлагатайгаар сонголтоо хийх хэрэгтэй” гэсэн юм.