Монгол улсын нэгэн сайдыг 10 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл тархаад буй. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
"Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл гарсан. Нэр зарлагдсан зүйл байхгүй байна. Би уржигдар хууль хяналтын байгууллагын зарим удирдлага руу утасдаж "ямар нэг байдлаар манай кабинетын сайдтай холбоотой хэрэг албан ёсоор шалгагдаж байгаа болон тогтоогдсон асуудал байгаа юм уу" гэж асуусан. "Одоогоор тогтоогдсон нөхцөл байдал байхгүй байна" гэж хэлсэн. Албан ёсны баримт ирээгүй ч хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл явж байгаа учраас нийгэм өөрөө хардах эрхтэй. Цаашдаа нягталж үзнэ гэж байна лээ. Та бүхэн өөрсдөө АТГ болон ЦЕГ-аас тодруулаарай" гэлээ.
Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлттэй байнгын хорооны гишүүдийг танилцахаас өмнө УИХ дахь ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир Оюутолгой компанид өгсөн асуудлыг мөн тодрууллаа
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
"Гэрээг дүгнэх ажлын хэсэг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулж УИХ дээр байгуулагдаад одоо дүгнэлтийг ЭЗБХ дээр яригдаж байгаа юм билээ. АТГ болон бусад газарт Оюутолгойн гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар гэрээ байгуулсны дараа авлигал авсан байж болзошгүй гэсэн нөхцөл байдал 4-5 хүн дээр үүссэн гэсэн мэдээллийг би авлаа. Нэрийг нь одоогоор хэлэх боломжгүй. Мэдээлэл албан ёсоор засгийн газарт ирэх байх. Тэр үед Засгийн газрын хуралдаанаар асуудлыг авч хэлэлцээд, дараа нь Оюутолгой компанийн удирдлагуудтай уулзана. Цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг албан ёсны дүгнэлтийг гаргах боломжтой.
Тийм учраас УИХ яаралтай дүгнэлтээ хэлэлцээд, засгийн газарт ирүүлэх ёстой. АТГ гарсан дүгнэлтээ нэгтгээд өгөх ёстой. Өмнөх ЗГХ-аар бид танилцах асуудлын хүрээнд авч ярилцсан байдалтай байгаа" гэлээ.
-Авлига авсан гэж хардагдаад байгаа ямар хүмүүс байгаа вэ?
-Хардагдаад байгаа хүмүүс нь тухайн үед Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан л хүмүүс шүү дээ. Давуу эрх олгосон байж болзошгүй гэх мэтээр. Жишээ нь яагаад "Модерн номадс" ХХК Оюутолгойн катеринг нийлүүлэх зүйл дээр оров, зарим нэг ШТС-тай холбоотой асуудал ч бий. Оюутолгой, Риотинто ямар нэгэн давуу эрх бусдад олгох хэлцэл болсон юм биш биз дээ гэж хууль хяналтын байгууллага үзэж байгаа юм билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг би мэдэхгүй. Цаашаа шалгагдах байх.
-Д.Дамба-Очир гишүүн яагаад байнгын хорооны гишүүдэд дүгнэлтийг танилцуулахаас өмнө Оюутолгой компанид дүгнэлтийг өгсөн юм бол?
-Тэр бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Д.Дамба-Очир гишүүний хэвлэлд өгсөн мэдээллээс харвал Оюутолгой компани тайлбар авья гэж хүссэн учраас урьдчилж өгсөн гэж байна лээ. Тэрэн дунд ямар материал байсан юм бэ, ЭЗБХ өөрөө шийдээд өгсөн юм уу, УИХ-ын даргын зөвшөөрлөөр өгсөн юм уу. Надад албан ёсны мэдээлэл алга. Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлт 7-14 хоногийн дотор Засгийн газарт ирэх байх.
-