Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жакинда Ардернд 11 настай охин таван долларын хахууль өгөхийг оролджээ. Бяцхан охин түүнээс луу судалгааны ажилд хөрөнгө оруулахыг хүссэн байна.
Викториа охин Ерөнхий сайдаас үлгэрт гардаг луу сургагч нарт байдаг шиг алсаас удирдах хүч чадал өгөхийг хүсчээ. Мөн захидалтайгаа хамт таван шинэ зеланд доллар илгээснийг нь хахууль өгөхийг оролдсон хэмээн өхөөрдөж үзсэн байна.
Охинд хатагтай Ардерн хариу захидал илгээжээ. Үүнд “Ерөнхий сайдын ажлын алба одоогоор луу болон алсаас удирдах ажил хийхгүй байгаа, гэхдээ бид тэднийг анхааралдаа авья. Тэд хувцас өмсдөг болов уу” хэмээн гараар нэмж бичжээ. Мөн “чиний саналыг сонсоход тун сонирхолтой байлаа. Харамсалтай нь дэлхийн хаа ч луу сургахгүй байна. Хахуульд өгсөн мөнгийг чинь эргүүлээд явууллаа. Хүсэл мөрөөдөлд чинь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн албан ёсоор хариулжээ.
Ерөнхий сайд Жакинда Ардерн бяцхан охиноо төрүүлж ээж болоод удаагүй ба бяцхан охидын захидалд өөрийн биеэр хариулж буй явдал анхных нь биш юм. Өнгөрсөн гуравдугаар сард найман настай охин түүнд “аюултай буунуудыг хориглох тань сайхан санаа” хэмээн захидал илгээсний хариуд “захидлаас чинь харахад чи их сайхан сэтгэлтэй, өрөвч охин юм Люси. Амьдралынхаа туршид сайхан сэтгэлээ түгээж байгаасай гэж хүсч байна” хэмээн бичсэн нь цахим ертөнцөд олон хүний анхаарлыг татаж байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com