УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, ямар асуудлууд хэлэлцсэн талаар өнөөдөр Төрийн ордонд зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
-АН-ын зөвлөл Хэнтийн аймгийн нөхөн сонгуультай холбоотойгоор Үндсэн Хуулийн Цэцэд мэдэгдэл гаргалаа. Учир нь хоёр долоо хоногийн өмнө нэр бүхий зарим иргэн Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч энэ нь улс төрийн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж АН-ын зөвлөл үзэж байна.
Өөрөөр хэлбэл, Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулах нь эрх баригч МАН-ын эрх ашигт нийцэж байгаа бөгөөд Үндсэн хуулийн цэц тэдний талд шийдвэр гаргах вий гэж болгоомжилж байна. Хэрэв Хэнтийн нөхөн сонгууль хойшилбол Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэд, сонгогчид эрх баригч дээд байгууллагад төлөөлөлгүй болж, эрх нь маш удаан хугацаанд зөрчигдөх нөхцөл үүсэх юм.
Тиймээс ч Үндсэн хуулийн цэцэд сануулга өгч хараат бусаар ажиллаж, хууль дээдлэх ёсыг баримтлан шударга шийдвэр гаргахыг ийн мэдэгдэж байна гэлээ.
АН-ын зөвлөлийн үзэж буйгаар Хэнтийн нөхөн сонгууль ирэх 6-р сард болох нь Үндсэн хуулийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх ямар ч шалтгаан, нөхцөл, эрхзүйн акт байхгүй гэдгийг ч онцоллоо. Иймд Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гарсан мэдээлэл, гомдлыг хууль дээдлэх зарчмыг баримтлан шударга шийдвэрлэхийг санууллаа.