Венесуэлийн Харилцаа холбооны яамнаас Хятадын ачаа тээврийн онгоц нийслэл Каракаст газардсан тухай мэдээллээ. Ачаа тээврийн онгоцонд эрүүл мэндийн салбарын хоёр сая тоног төхөөрөмж, эм бэлдмэл, мэс заслын үеийн тусламж хэрэгслийг ачиж хүргэсэн байна.
Венесуэл улсад тулгарсан эдийн засгийн хямрал бүх нийтийг хүнс тэжээл, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хомсдолд оруулаад байна. Түүнчлэн тог цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр ихэнх газарт хязгаарлагдмал байгааг CNN мэдээлэв.
Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын мэдээллийн сувгаар 65 тн эрүүл мэндийн тусламж Каракаст хүрэхийг мэдээлж үргэлжлүүлэн тусламж илгээхээ онцлон тэмдэглэж байсан юм. Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигчдийн нэг болох Хятад өнгөрсөн 10 орчим жилд Венесуэлийн Засгийн газарт 50 тэрбум ам.долларын зээл олгож, газрын тосоор өр зээлээ төлөх хэлэлцээр байгуулжээ.
Мадуро Улаан загалмай зэрэг төрийн бус олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын тусламж дэмжлэгийг авахаа хүлээн зөвшөөрсөн ч сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидог дэмжигч улс орнуудыг хил давуулахгүй хэмээн анхааруулсан. АНУ тэргүүтэй барууны орнууд сөрөг хүчний удирдагчийг дэмжиж түр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com