СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-05-14

Намар нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг бүртгэх ажил хараахан жигдрээгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Оюунжаргал

Дүрэмт хувцас, өндөр намаараа ч жигдхэн гэмээр бяцхан үрс гадаа жагсаж зургаа татуулна. “Намайг бариач” гээд хоорондоо хэдийнэ найз болж хөөцөлдөн тоглохын зэрэгцээ, модны сүүдэр бараадан сууж хөөрөлдөх бяцхан сурагчид юутай эгдүүтэй вэ. Энэ бол нийслэлийн нэгдүгээр сургуулийн бага ангийн сурагчид. Тэд завсарлагааны таван минут амрах зуураа гадаа салхилаж байгаа нь энэ аж. Тэдний хувьд “А” үсэг анхлан үзэж байсан цаг саяхан мэт. Ингээд тэд сурсан эрдмээ аав ээждээ тайлагнах цаг ойртжээ.

Ах дүү 35-уулаа

Эрдэм номын үсэг бид

Эгч дүү 35-уулаа

хэмээн дуулах “Эрдмийн баяр” нь ч хаяанд ирж. Үүнтэй зэрэгцэн нэгдүгээр ангид шинээр элсэн орж буй хүүхдүүдийн бүртгэл өчигдрөөс эхэллээ. Ингээд ерөнхий боловсролын сургуулиудад бүртгэлийн явц ямар байгаа талаар сурвалжиллаа.

Бид улсдаа тэргүүний гэгдэх нэгдүгээр сургуулиар зочилж ирэх намар нэгдүгээр ангид элсэгчдийг хэрхэн бүртгэж буйг сонирхсон юм. Тус сургуулийн хаалгаар ормогц Ахлах ангийн сурагчид “Та хаашаа орох вэ. Ямар ажлаар хэнтэй уулзах вэ” гээд ам уралдан асууна. Бид ч учир шалтгаанаа хэлэхэд “За ороорой” гээд соёлтой гэгч нь хандана. Ингээд бид бүртгэлтэй холбоотой мэдээллийг хаанаас авах талаар жижүүрээс асуухад “Манай сургууль хараахан бүртгэж эхлээгүй байна. Энэ сарын 15-наас эхэлнэ” гэх тайлбарыг өгөв. “Ямар шалтгааанаар бүртгэлийг эхлүүлээгүй юм бэ” гэхэд “Хүүхдүүдийн нэрс ирээгүй байгаа” гэлээ. Энэ талаар тодруулахаар холбогдох албаны хүмүүстэй уулзах хүсэлт тавьсан ч “Тэд хуралтай байгаа гээд” үүднээс буцаасан юм.

Энэ үеэр бүртгэлтэй холбоотой зүйл асуух гэсэн эцэг, эхчүүд ганц нэгээр тогтохгүй байлаа. Гадаа тоглох бяцхан сурагчдын нэг “Би сургуульд ороод 10 найзтай болсон сурагч байх гоё. Дуу шүлэг сурсан. Би тоо бодохоос илүү ном унших дуртай гээд мишээл цацруулан ярих Х.Барсболд хүү тун удахгүй нэгдүгээр ангиа төгсөх юм. Түүнийг ийн ярихад хажуугаар нь гүйлдэх хүүхдүүдийн нэг нь үгэнд дурлана. Би бас ярья гээд нэлээн дэггүй гэмээр хүү “Хөөе эгчээ би таван дуу мэднэ. Бас өөрийн болон гэр бүлийнхээ, найзуудынхаа нэрийг уншиж, бичиж сурсан хэмээн ярилаа. Тэдний хөл хөөрөлдөөн болсон бужигнаан дундаас гарч мөн л улсдаа тэргүүний гэгдэх 23 дугаар сургуулийг зорилоо.

Ямартай ч хаалга дээр “Зарлал” гэсэн бичиг наажээ. Ойртон очиж уншихад бүртгэлтэй холбоотой мэдээлэл байх аж. Дотогш орж бүртгэлийн талаар асуухад, Жижүүр багш “Хүмүүсээ гадна үүдэнд бүртгэлтэй холбоотой мэдээллийг бичсэн байгаа. “Зарлал” дээрх сайт руу нэвтрэн орж хамрах тойрогоо хараарай. Тэгээд ирж бүртгэлээ хийлгэх боломжтой” гэж ирсэн хүн бүрт нэг бүрчлэн тайлбарлаж харагдлаа. Бид ч сургуулийн удирдлагуудтай уулзаж зарим зүйлийг тодруулах гэтэл мөн л “хуралтай байна” гэсэн хариуг өгөв. Бидний өөдөөс “Таяг тулсан настай эмээ цагаан хавтастай бичиг баримт сугавчилж, Улаан хавтастай төрсний гэрчилгээг барьж “За хүү минь бүртгэж байна уу” гээд учирлан асууна. Эмээд “Хамрах тойргийн дагуу бүртгэх юм байна гээд тайлбарлаж өгөхөд ”Ээ төвөг, төвөг, энд амсхийе” гээд сургуулийн гаднах сандал дээр тухлан суулаа. Энэ өдөр сургуулийн бүртгэл жигдрээгүй зарим сургуулийн бүртгэл энэ сарын 15,16-наас эхлэхээр байсан нь хүүхдээ бүртгүүлэхээр ирсэн хүмүүст бухимдал төрүүлэхийн зэрэгцээ чирэгдэл учруулж байгаа харагдлаа.

 

ЭЦЭГ, ЭХЧҮҮД АВЛИГЫГ ӨӨГШҮҮЛДЭГ БОЛООД УДАЖ БАЙНА

Хотын “А” бүсэд байрлах нэртэй сургуулиудаар зочлоход цахимаар бүртгэж байна. Бүртгэл эхлэх болоогүй гэх мэт төөрөгдмөөр хариултыг өгсөн юм. Бид Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн зүг хөдөллөө. Сургуулийн гадна 10 жилийн сурагчид “Нэг хоёрын гурваа ий гээд “дээс” эргүүлэн тоглож харагдлаа. Мөн модны сүүдэр бараадан суух хүмүүс хүүхдээ бүртгүүлэх гэж ирсэн бололтой. Тэдний нэг дээр очиж бүртгэлийн талаар асуухад “Их чирэгдэлтэй байна. Бичиг баримт дутуу гээд нааш, цааш явуулах юм. Уг нь бүх зүйлээ бүрдүүлж ирсэн. Аавынх нь хаяг зөрж байна гэлээ. Гэтэл манай охин ээжээрээ овоглодог. Ингээд харьяаллаараа бүртгүүлэх гээд ирэхэд харьяаллын бус хүүхэд байна гэх юм.

Дүрэм, журмандаа захирагдахгүй бүртгэхгүй гээд “Олз хайсан хэрээ шиг” хэдэн төгрөг авах сиймхий хайж суудаг бололтой хэмээн бухимдах ээжийн яриа нэгийг бодогдууллаа. Хажууханд зогсох хэжээл насны эмэгтэй “Зарим сургуулиудын бүртгэл эхлээгүй байна гэсэн. Манай нагац хүүхдээ бүртгүүлэх гээд очтол бүртгэж эхлээгүй байгаа гээд явуулсан байна лээ. Би хүүгээ бүртгүүлэх гээд явж байна. Гэхдээ 2014 оны хоёрдугаар сард төрсөн. Гуйж байгаад энэ жил нэгдүгээр ангид оруулчихмаар байна” гээд арга сүвэгчилж явсан юм. Эцэг, эхчүүдийн арга ядсан байдалд дөрөөлөн зарим сургуулийн удирдлагууд “гар харах” тохиолдол бишгүй л их гардаг. Хүүхдээ гэр болон ажилтайгаа ойрхон, аль эсвэл арай нэртэй сургуульд оруулах гэсэн эцэг эхчүүдийн үйлдэл авлигыг өдөөж өөгшүүлдэг болоод олон жилийг ардаа үдлээ. Нэг,23,18,40 гэх мэт улсдаа гайгүй сургуульд хүүхдээ оруулъя гэвэл нэгээс гурван сая төгрөг өгөх болдог.Энэ бол тогтсон жишиг. Үүнээс үзэхэд Ардын сургуулийн алтан босгыг алхах амаргүй болж гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ жил энэ байдалд нууц далд байдлаар явагдахгүй байхыг үгүйсгэхгүй юм. 

ЭНЭ ЖИЛ НЭМЭЛТ БҮРТГЭЛ ЯВАГДАХГҮЙ

Энэ жил 38232 сурагч шинээр нэгдүгээр ангид элснэ гэх тооцоолол гарчээ. Өнгөрөгч онтой харьцуулбал 3400 сурагчаар илүү байгааг албанынхан онцолж буй юм. Түүнчлэн нэмэлт бүртгэл явагдахгүй байхаар зохицуулжээ. Хамрах тойргийг шинэчлээгүй байхад хүссэн сургуульдаа хүүхдээ өгдгөөс болж зарим сургуулиудын ачаалал хэтэрч, гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүйд хүрдэг байсан байна. Хамран сургах тойргоор уг асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэсэн гэдгийг БСШУСЯаас мэдээлж байгаа юм.

Нэгдүгээр ангид элсэж байгаа хүүхдээс ямар нэгэн шалгалт, хураамж авахгүй байх талаар БСШУСЯ-ны сайдын тушаал гарсан. Хэрэв хувийн болон улсын сургуулиудад энэ зөрчил илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагууд шалгалт явуулж холбогдох дүрэм журмын дагуу шийдвэрлэх аж. Нэгэнт сайдын тушаалаар хориглосон байхад дүрэм журмыг уландаа гишгэх ёсгүй ягштал мөрдөх учиртай юм. Энэ жил нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн бүртгэл харьцангуй нам жим явагдаж байна. Бүртгэлийн ажлыг 14 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байгаа юм.Тавдугаар сарын 27 –ны өдрийг хүртэл бүртгэл үргэлжлэнэ гэсэн үг. Иймд эцэг эхчүүд хамрах тойргийн дагуу заасан хугацаанд хүүхдээ бүртгүүлэх боломжтой аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.