Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хэргийг хэрхэн шийдэх нь олны анхаарлыг татаж байна. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүйгээр 14 хоног саатуулсан байдаг. Хойшлуулашгүй ажиллагааны цагдан хорих хугацаа дуусч улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих үндэслэлтэй хэмээн цагдан хорих хугацааг сунгасан билээ.
Түүнийг саатуулах хугацааг сунгасны дараа ТЕГ-ын зөвшөөрөлтэйгөөр ШШГЕГ-ын харъяа 461-р ангид саатуулан шалгаж байх үеэр мэдүүлэг өгсөн тухай эх сурвалж мэдээлж байна.Тэрбээр ТЕГ-аас зөвшөөрөл иртэл ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй гэсэн байр суурьтай байсан. Зөвшөөрөл өгөхдөө төрийн нууцад хамаарагдах нууцыг задруулахгүйгээр мэдүүлэг өгч болно хэмээжээ. Учир нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, нууцын зэрэглэлтэй мэдээлэлийг мэдэж байгаа албан хаагчид төрийн албанаас гарсан ч хоёр жилийн дотор ямар ч шатанд нууц задруулахгүй гэсэн баталгаажих хуудсанд гарын үсэг зурсан байдаг аж.
Одоогийн байдлаар түүнийг албан тушаалаа ашиглан бусдыг дарамталсан, С.Зориг агсаны хэргийг шалгахдаа хууль буруу ашигласан, мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан, бусдад эрүүдэн шүүх аргаад ял хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан зэрэг олон хэрэгт холбогдуулан шалгаж байна.