НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын асуудал хариуцсан тусгай илтгэгч Мишель Фрост Монголд ажилласан томилолтынхоо тайланг өнөөдөр танилцууллаа. 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 13-ны хооронд ажилласан тэрээр “Монгол улсад сүүлийн үед батлагдсан хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэл дагуулж байна” хэмээн хэлсэн юм.
Мишель Фрост нь 2014 оноос хүний эрхийн асуудал, ялангуяа хүний эрхийг хамгаалагчдын асуудлаар ажиллаж буй туршлагатай илтгэгч юм. Тэрээр энэхүү илтгэлийнхээ эцсийн хувилбарыг 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43-р чуулганд танилцуулна.
Тэрбээр “Монгол Улс нь Зүүн болон Төв Азийн бүс нутагт ардчиллын манлайлагч хэмээн ойлгогддог боловч сүүлийн үед анхаарал татахуйц, хоёрдмол утгаар ойлгогдож болох нэмэлт өөрчлөлт зарим хуульд орж байгаа нь хүний эрхийн хамгаалагчдад айдас төрүүлж, тэдний ажилд саад бэрхшээл учруулж байна” гэв.
Мөн Монгол Улсад хүний эрхийг хамгаалагчдын эсрэг халдлага гарч, шахалт дарамт цөөнгүй бүртгэгдсэн ч тэдний эсрэг зохион байгуулалттай халдлага үйлдэх үзэгдэл байхгүй, хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагаа явуулах орчин Монголд аюулгүй байгаа ч тэднийг дэмжсэн таатай орчин бүрдээгүй байна гэдгийн онцолсон юм.
Монгол Улс нь Үндсэн хуулиас гадна бусад хууль тогтоомжид хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд тодорхой зүйл заалтыг туссан хэдий ч энэ чиглэлд хийвэл зохих хэд хэдэн ажил байгаа гэдгийг ноён Мишель Форст онцлов. Тодруулбал сүүлийн үед батлагдаж буй хуульд шударга ёс сахиулах чиглэлд ухралт хийсэн. Шүүх, АТГ зэрэг хуулийн байгууллагуудын удирдлагыг сольж буй нь шүүхийн хараат бус байдалд цаашид ноцтой сөрөг үр дагавар учруулж мэднэ гэв.
Үүнээс гадна, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх Монгол Улсад маш сайн хангагдсан. Үүнд би монголчуудад баяр хүргэмээр байна. Гэхдээ энэ чиглэлийн эрхийг хязгаарласан хэд хэдэн онцлох хууль байна. Тухайлбал, зөрчлийн тухай хуулийг дурдаж болно. Үүнээс гадна, сүүлийн үед регистрийн дугаараар олон нийтийн сүлжээнд бүртгүүлэх асуудлыг монголчууд ярих болж, энэ нь иргэдийг мэдээлэл олж авах эрхэд халдсан хэрэг болно гэж харж байна.
Мөн шүгэл үлээгч болон эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнасан сэтгүүлчдэд мэдээлэл авах эрхийг нь боогдуулах болно. Иймээс л Монгол Улсад авлига, хуулийн гадуур үлдэх байдал газар авч байна.
Үүнээс гадна тайван жагсаал цуглаан хийх эрх нь зөрчигдөж байна. Тухайлбал, ЛГБТ хүмүүс жагсаал хийхээр Нийслэлийн захирагчийн албанд хэд хэдэн удаа хандсан боловч талбай дээр арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа тул боломжгүй гэсэн хариу өгсөн нь хүний эрхийг зөрчилд тооцогдоно.
Мишель Форст нь Монголд ажиллах хугацаандаа Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай танилцаж, төсөв хөрөнгө болон орон тоогоо нэмэгдүүлэх зөвлөмж өгчээ. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа нь идэвхжих боломжтой гэв.
Мөн тэрбээр Монгол Улс 2016 онд тахрын албаа татан буулгаж, ингэснээр гэрч хохирогчийг хамгаалах чиглэлд ухралт хийсэн гэдгийг онцлов. Иймээс тахрыг албыг сэргээх шаардлага байгааг дурдсан билээ.
(Ганцаар болон бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, биелүүлэхийн төлөө тайван замаар ажиллаж буй хүмүүсийг Хүний эрхийг хамгаалагч гэнэ)
Монгол Улсад хүний эрхийг хамгаалагч гэж хэн болох талаар ойлголт дутмаг, тэднийг гутаан доромжлох байдал хэвийн үзэгдэл болжээ. Иймээс зарим нэг хүний эрхийг хамгаалагч нарыг эрсдэлд бүлэгт оруулсан. Тухайлбал,
НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форст нь НҮБ-аас санхүүждэггүйг. Хараат бусаар судалгаагаа хийдэг юм байна. Иймээс хүний эрхийг хамгаалагчдын эрх зөрчигдөж байна гэж үзвэл түүнд хандаж болох ажээ. Улмаар Мишель Форст нь хүний эрхийг хамгаалагчдад тулгамдаж буй асуудлын мөрөөр төрийн байгууллагуудад шаардлагаа тавих юм байна. Гэхдээ сүүлийн үед төрийн байгууллагуудад хандсан ч тодорхой үр дүн гарахгүй байгаа тул тухайн компаниудад мөн адил хандах болжээ. Одоогоор Мишель Форст нь тодорхой хэдэн компаниудад захидал хүргүүлсэн. Тэдгээр компаниуд 60 хоногийн дотор хариугаа түүнд өгнө. Тэрхүү хариуг нь олон нийтэд ил болгох замаар ажилладаг гэлээ.
Үүнээс гадна тэрбээр "Миний бие Монгол Улсад ажиллах хоёр долоо хоногийн хугацаандаа Төр засгийн байгууллагууд болон тодорхой компаниудад зөвлөмж өгсөн. Монголчууд миний зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр ажиллана гэж найдаж байна. Би ирэх есдүгээр сард энэ чиглэлийн мэргэшсэн шинжээчидтэй ирж Монгол Улсад дахин ажиллах болно. Энэ хугацаанд Монгол Улс тодорхой ахиц дэвшил гаргасан байгаасай гэж хүсч байна" гэдгийг илтгэлийнхээ төгсгөлд онцолсон юм.
Хүний эрхийг хамгаалагчдын хийж буй хууль ёсны чухал ажлыг дэмжих, тэдний эсрэг халдлага үйлдэж буй этгээдүүдэд шийтгэл оноохын тулд “Хүний эрхийг хамгаалагчдын тухай” хууль батлах хэрэгтэй гэж ноён Фрост Монгол улсад уриалав.
Хэрэв манай орон ийм хууль баталбал “Хүний эрхийг хамгаалагчдын тухай” хуультай анхны орон болох юм.