СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Мөнх-Эрдэнэ: Реформ хийх нэрээр хуулийн салбарыг үгүй хийж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Т.БАТСАЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор хуульч Д.Мөнх-Эрдэнийг урьж, ярилцлаа.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН БИЕ ДААСАН БАЙДАЛ АЛДАГДЛАА

-Сүүлийн үед улс төрд хуулийн салбарын реформ нэртэй олон үйл явдал өрнөж байна.Шинэчлэл гэдэг нь засч сайжруулж, боловсронгуй болгох ойлголт юм. Гэтэл одоо улстөрчдийн шинэчлэл улам л дордуулж, энэ салбарыг хүчгүйдүүлж эхэллээ. Шүүх, прокурор, АТГ-ын удирдлагын томилгоотой холбоотой эрхзүйн орчин өөрчлөгдсөн. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталчихлаа. Эдгээр нь бүхэлдээ хууль зүйн салбарын байдлыг улам дордуулж, ганхууллаа. Хуулийн салбар улс төрөөс хараат бус, бие даасан байдал нь хангагдсан нөхцөлд л шинэчлэл гэж ярих нь зүйтэй. Мэдээж уг байгууллагуудад алдаа дутагдал байсан.

Гэхдээ албан тушаал, авлигын хэрэгт холбогдоод, хууль зөрчөөд байгаа нь олонхи биш. Энэ хүмүүст хариуцлага тооцох хууль, эрх зүйн орчин ч бий. Гэтэл ганц хоёр хүнийг авч хаях гэдгээр далимдуулан салбарынх нь эрхзүйн орчныг дордуулна гэдэг байж боломгүй зүйл юм. ҮАБЗ-өөс гаргадаг зөвлөмжийн дагуу шүүгч нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг, АТГ, прокурорын удирдлагыг чөлөөлдөг, огцруулдаг болчихлоо. ҮАБЗ-д улс төрийн намын нөлөө бүхий гурван улстөрчид л сууж байгаа шүү дээ. Улстөрчид улсын хэмжээнд хуулийн салбарыг хөдөлгөдөг боллоо. Уг нь бол НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагууд, хуульчдын холбооноос хуулийн салбарт нэг л зүйлийг зөвлөдөг, ярьдаг. Тэр нь улс төрийн хараат байдлаас гарах юм.

Улс төрийн нөлөөллөөс гарсан шүүгч, прокурор, мөрдөгч бие даан үйл ажиллагаа явуулж, аливаа гэмт хэргийг шударгаар шалган тогтоож, яллаж чадна. Гэтэл бид бие даасан, хараат бус байдал болон улс төр, бизнесийн нөлөөнд орсон гэсэн хоёр туйлын хоёр дахь руу нь буюу улстөрчдөд үйлчилдэг, эзэн нь солигдохоор эргээд хуулийн байгууллага руу дайрдаг энэ тогтолцоог улам л бэхжүүлээд байна. Ийм завхарсан байдлыг нэн яаралтай халж засах шаардлагатай болжээ.

ТОМИЛСОН ХҮН НЬ НӨЛӨӨНДӨӨ БАЙЛГАХ ХУУЛЬ ХҮРТЭЛ БАТАЛЧИХЛАА

Блиц:

  • Овог нэр: Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ
  • Боловсрол:
  • 1998-2005 онд: МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 2001-2002 онд: ХБНГУ-ын Потсдамийн Их Сургуульд герман хэл
  • 2011 онд: АНУ-ын Жеоржио их сургууль, БНФУ-ын Цөмийн технологийн институтид мэргэжил дээшлүүлсэн.
  • Ажилласан байдал:
  • 2004-2007 онд: Голомт банкинд хуульч
  • 2007-2008 онд: Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн
  • 2008-2013, 2014-2016 онд: Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын дарга
  • 2016-2018 онд: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ахлах зөвлөх
  • 2019 оноос: “СИТИ” Их Сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.

-Хуулийн салбарын бие даасан, хараат бус байдлыг хангах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь хэцүү зүйл бол биш. Ерөөсөө олон улсын сайн туршлага, стандартуудыг нутагшуулж мөрдөх хэрэгтэй. Мөн бидний туулж өнгөрүүлсэн туршлага байна. Үүн дээр тулгуурлан бид эхний алхмаа хийж болно. Гэтэл өнөөдөр хуулийн салбарыг 20 гаруй жил удирдсан хүмүүс гэнэт нүд нь нээгдсэн юм шиг л болж байна. Салбарынхаа талаар гэнэт яриад эхэлсэн. Тэгээд ужиг өвчний шалтгааныг нь олж тэмцэх ёстой байтал мэдээ алдуулах гэх мэтээр түр зуур аргалах алхмуудыг ярьж хэрэгжүүлж байна. Хуулийн салбарт улстөрчдийн гар хөлийг авчираад тавьчихсан. Тэд томилсон хүнийхээ нөлөөнд орох нь угаасаа л тодорхой.

Уг нь одоо л бид иргэний зориг гаргаад хууль зүйн салбараа цэгцлээд авчих хэрэгтэй. Энэ өөрөө монголын төрөөс иргэддээ үзүүлж байгаа хамгийн чухал үйлчилгээ болно. Шударга шүүхээр шүүлгэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нь өөрөө хүний хамгийн чухал эрхүүдийн нэг, төрөөс иргэддээ үзүүлэх гол үйлчилгээ. Өнөөдөр арилжаа наймаа хийдэггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн байдлаар хууль хяналтын байгууллагад ханддаггүй хүн гэж байхгүй. Гэтэл даа.

ЖДҮХС-ГИЙН ХЭРГЭЭС ЭХЛЭЭД БИД ШУДАРГА ЁСНЫ ХЭМЖҮҮРИЙГ ЯРИХ ЁСТОЙ

-1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн. Түүний дараа шинэ Үндсэн хуулиа баталлаа. 1996 он хүртэлх үе бол шинэ нийгэмд хүмүүс дасан зохицох гэж хичээсэн ийм л үе. Харин түүнээс хойш байгалийн баялаг, бизнесийн томоохон төсөл хөтөлбөрүүд гараад сонирхлын зөрчил үүсч эхэлсэн. Тэр үеэс манай тогтолцоо өөрөө улс төр, бизнесийн бүлэглэлийнхэнд давуу эрх олгож эхэлсэн. Тэднийг давраасан. Үүнийгээ засах гэж оролдох биш эвлэрсээр, улам бүр дордуулсаар 20 орчим жил боллоо. .

Гэтэл өнөөдөр байдал хэцүүхэн болчихлоо. Хамгийн энгийн жишээ гэхэд улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг, Засгийн газрын тусгай сан болох ЖДҮХС-гаас хэдэн арав, зуун тэрбумыг аваад идчихсэн төрийн түшээдтэй, тэгээд хариуцлага хүлээдэггүй. Улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулсан нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг иргэдийнхээ эрхийг хаагаад хамаад авчихдаг. Тэнд ямар тэгш эрх байгаа юм бэ. Үнэхээр индэр дээр чангаар ярьж байгаа шиг шударга төр, нам, удирдлага байгаа бол эдгээр хүмүүст ёс зүйн болон улс төрийн хариуцлага, эрүүгийн хариуцлага хүлээлгээд явж байх ёстой. Тэд бол улаам цайм хууль зөрчихөөд, улайхгүй сууж байна. Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бүлэглэж хамтран оролцсон гэмт хэрэг шүү дээ. Одоо үүнийг ном журмаар нь тогтоож, шалгаж, энэ хүмүүст хариуцлага тооцож чадахгүй юм бол эрх зүйт төртэй байна гээд яахав дээ. Ингээд байхаар нийгмийн шударга ёсны үнэлэмж алдагдаад байна. Үүнийг шийдэхгүйгээр улс орны хөгжил дэвшил гэж ярих ямар ч боломжгүй болчихож байгаа юм.

АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ МОНГОЛЫН ТӨРИЙГ ЯЛЗРУУЛЖ БАЙНА

-Манайх шиг хүн ам, цөөтэй, хоёр том хөрштэй улсад парламентын тогтолцоо хамгийн тохирсон засаглал юм. Ямар нэгэн байдлаар өөр засаглалд тэмүүлэх асуудал байхгүй болов уу гэж бодож байна. Мэдээж нийгэмд янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байна. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн засаглал гэж ярьж болно. Гэхдээ олонх нь парламентын тогтолцооныхоо талд зогсох болов уу. Тэгэхээр одоо бид хүний эрх эрх чөлөө, чөлөөт хэвлэл, шүүхийн тогтолцоо гээд олж авсан үнэт зүйлээ хамгаалах хэрэгтэй. Төгс хийж чадаагүй ч гэсэн цаашид төгөлдөржүүлэхийн тулд бидэнд хариуцлагын тогтолцооноос эхлээд хийх чухал асуудал олон байна. Муу юмнаасаа салж чаддаг байдал бүх салбарт хэрэгтэй байна. Алдаа гаргаж байгаа, хууль зөрчиж байгаа хүмүүсээ явуулдаг баймаар байна.

Улс төрийн намууд нь дэвшүүлсэн хүмүүстээ, УИХ, Засгийн газар нь томилсон хүндээ хариуцлага тооцдог. Ёс зүйн зөрчилгүй хүмүүсийг төр зохих албанд нь тавьж чаддаг. Ингэж ажиллаж чадахгүй болохоор иргэдийн итгэл унах нь аргагүй шүү дээ. Саяхан гэхэд хээл хахууль авсан байцаагчдын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдаж байгаа нь өөрөө авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого алдагдсаныг харуулж байна. Авлига, албан тушаалын хэрэг өнөөдөр Монголын төр, ард түмнийг хамгийн их доош татаж, сууриар нь ялзруулж байна. .

Уг нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хуулиар авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг дахин төрийн албанд ажиллуулахгүй гэсэн хуулийн заалттай. Одоо тэр хүмүүс яах уу. Толгойг нь илээд л яваад байх юм уу. Болдог юм байна, чадах юм байна, хуулиар хөөн хэлэлцэх хугацааг зохицуулчихдаг юм байна гэсэн ойлголттой болж байна. Ер нь бол энэ төрлийн гэмт хэргийн талаар төр онцгой бодлого гаргаад хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй байхаар хуульчилж, ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд нь үнэхээр шударга ёс ярьж байгаа бол үүн дээр бодлогоо зарлах ёстой. Үнэхээр л шударга юм бол яриад байх биш шийд л дээ.

НЭГ ХҮНИЙ ДУР ЗОРГО, МОНГОЛЫН ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ЭВДЭЖ БАЙНА

-Сая нэг хүн дур зоргоороо аашлаад л УИХ-аас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихлаа. Анх Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл өөрөө хамгийн муу төсөл байсан. Ерөөсөө Засгийн газар, харьяа байгууллагуудын үйл ажиллагаа захиргааны шүүхийн хяналтаас бүрэн гарахаар байсан. Үүнийг нь УИХ хумьж баталсан гэж яриад байгаа. Яг ний нуугүй хэлэхэд дорвитой өөрчлөлт хийж, зассангүй. Төрийн гадаад бодлого, батлан хамгаалах салбар, өмч хувьчлал, ашигт малтмал, байгалийн баялагтай холбоотой Засгийн газраас гаргасан шийдвэр захиргааны шүүхэд хамаарахгүй болж байна. Түүнчлэн улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх гэдэг заалтыг шинээр томьёолсон байна. Ингэхдээ УИХ-ын шийдвэрээр Засгийн газарт хүлээлгэсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор явуулсан Засгийн газар, харьяа байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа гэсэн байна.

УИХ-ын шийдвэр маань хууль, тогтоол гэсэн хэлбэртэй. Өөрөөр хэлбэл,өмч хувьчлал, ашигт малтмал, байгалийн баялагтай холбоотой УИХ-аас гаргасан хууль, тогтоолуудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газар, түүний харьяа байгууллагуудын гаргасан ямар ч шийдвэр захиргааны шүүхэд очихгүй. Ганцхан жишээ хэлэхэд төрийн өмчит томоохон үйлдвэр, компаниудын хувьчлал цөөн хүмүүсийн хүрээнд хууль бусаар явагдсан тохиолдолд Захиргааны шүүхээр хянуулахгүй гэж байна. Ийм л утгагүй зүйл хийж байна. Ер нь практикт Засгийн газрын шийдвэр хэзээ шүүх дээр очдог вэ гэхээр яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргын томилгоотой холбоотой шийдвэрүүд, өмч хувьчлал, концесс олгохтой холбоотой асуудал, газрыг улсын тусгай хэрэгцээнд авахтай холбоотой гэдэг ч юм уу ийм шийдвэр голдуу шүүх дээр очдог.

Гадаад бодлого, батлан хамгаалах бодлоготой холбоотой асуудал шүүх дээр очиж байсан тохиолдол бараг байхгүй. Тэгэхээр эдгээр асуудлаар хаалт хийж байгаад л баталчихаж байна. Цаад агуулга нь өмч хувьчлал, ашигт малтмал, байгаль орчинтой холбоотой УИХ-аас гаргасан хууль, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулсан Засгийн газрын шийдвэрүүд өөрөө бүхэлдээ Захиргааны шүүхийн хэргийн харъяаллаас гарч байна. Гэхдээ одоо нэг боломж үлдлээ. Үндсэн хуулийн 16-р зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхүүдийг заасан. Үүний нэг нь зөрчигдсөн эрхээ сэргээхийн тулд шүүхэд хандах эрх юм. Тэгэхээр цаашид иргэд Засгийн газар, харьяа байгууллагуудтай үүсгэсэн маргаантай холбогдсон нэхэмжлэлээ Иргэний хэргийн шүүхэд хандаж тавих хэрэгтэй.

ЭНЭ ПАРЛАМЕНТАД АРД ТҮМНИЙ ХУВЬ ЗАЯАТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЭРХ БИЙ ЮУ?

-Ёс суртахууны доголдолтой, уналтад орсон парламентад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярих эрх бий юу. 1992 оны Үндсэн хуулийг 7000 байгууллага, 900 гаруй мянган иргэдийн хамруулан хэлэлцүүлж, давхардсан тоогоор 200 гаруй мянган санал авсны үндсэн дээр баталсан. Улсын бага хурал, Ардын Их Хурлаар хэлэлцэж нарийн шүүлтүүрээр орсон. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүдийн чадамж, ёс зүй ямар байгаа билээ. Талаас илүү хувь нь жирийн бизнес эрхлэгчдийнхээ боломжийг хулгайлаад гэмт хэрэгт холбогдчихсон байна. Өдөрт л нэг гишүүний хууль бус үйл ажиллагаа ил болж, яригдаж байдаг. Халдашгүй байдал, бүрэн эрх нэрийн дор хариуцлага хүлээдэггүй. Ийм хүмүүс Монголын хамгийн чухал, ард түмний хувь заяатай холбоотой хуульд өөрчлөлт оруулж болох уу. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэж хувьдаа бодож байна.

Мөн нийгмийн болохгүй бүтэхгүй бүхнийг Үндсэн хууль руугаа чихэж байгаад өөрчилдөг байж болохгүй. Өнөөдөр бүх асуудал Үндсэн хуульд биш тэдгээрийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудад байна. Органик бусад хуулиудаараа төрийн бодлогыг алдагдуулсаар байна. Хамаатай, хамаагүй эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгосон. УИХ нь өөрөө Засгийн газартаа хяналт тавьж чаддаггүй. Нам нь төрийнхөө дээр гараад суучихсан. Уг нь төр гэдэг маань хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Шүүх эрх мэдэл нь нөгөө хоёр эрх мэдлийнхээ үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээж ажилладаг байх учиртай. Гэтэл өнөөдөр хууль, шүүхийн байгууллага улам л улс төрийн нөлөөнд орж байна. Би дахиад хэлье л дээ. Бид хараат бус, бие даасан хуулийн байгууллагатай болж чадахгүй, эрх нь хумигдсаар, улс төрийн нөлөөнд орсоор байх юм бол хөгжил дэвшлийн талаар яриад ч нэмэргүй л болж таарлаа.

2019.5.13 даваа 98 (6065)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.