Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 40 мянган га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах аж. Судалгаагаар Архангай аймгийн хэмжээнд 683.2 мянган га бэлчээрт үлийн цагаан оготно тархсан байна. Иймээс 271.3 мянган га бэлчээрт байгаль орчинд халгүй технологиор уг мэрэгчтэй тэмцэх шаардлагатай гэж дүгнэжээ. Цаашид уг мэрэгч амьтантай тэмцэхэд сум орон нутгийн удирдлага, малчдын оролцоог нэмэгдүүлэх, нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллахад хөрөнгө санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцааг үзүүлэх шаардлагатайг холбогдох газраас мэдээлэв. Нэг үлийн цагаан оготно хоногт 33.9 гр өвс идэж, хөеөндөө 6-9 кг хүртэл ургамал хураадаг.
Нэг га талбайд 100 оготно байгаа гэж үзвэл өдөрт 3.39 кг өвс, сард 101.7 кг өвс, зун болон намрын улиралд 610.2 кг өвс идэж бэлчээр сүйтгэдэг гэнэ. Энэ нь 305 хонийг нэг хоног тэжээх өвсний хэмжээ аж. Нэг үлийн цагаан оготно жилд дунджаар 150 гаруй мянган төгрөгийн хохирлыг бэлчээрт учруулдаг бөгөөд манай орны 40 сая га бэлчээрийн талбайд тархсан үлийн цагаан оготно нэг жилд 6.1 их наяд төгрөгийн үнэ бүхий бэлчээрийн ургамал байгалийн нөөцийг идэж, төдий хэмжээний хохирлыг бэлчээрт учруулдаг байна.