Хүүхдээ гадаа дагуулан гарахдаа та гэрийнхээ гадаа хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын талаар бодож байсан уу. Хэрвээ анзаарч байгаагүй бол энэ удаад тогтон ажаарай.
Байрны чинь гадаа цементэн хавтан дээр хүүхдиийн гулсуур, жижиг сүүдрэвчээс өөр зүйл байхгүй байна уу. Барилгын компаниуд орон сууц барихдаа хамгийн түрүүнд автомашины зогсоол, барилгын хийц, загвар зэргийг нэн түрүүнд тавьж, хүүхдийн тоглоомын талбайн асуудалд хайхрамжгүй ханддагийг бэлхнээ харж болно. Үүнээс болоод ихэнх тоглоомын талбай автомашины зам, гарааштай ойр байрлах аж. Сүүлдээ хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбай бүү хэл талбайтай байгаа нь их юм болчихоод байна шүү дээ.
Монгол Улсын стандартанд тоглоомын үүрэг зориулалтаар нь дараах байдлаар ангилдаг байна. Үүнд: танин мэдэхүйн, биеийн хөгжил, хөдөлгөөний хөгжүүлэх, орчин тойрон болон байгаль, шинжлэх ухаан, техникийн элементүүдтэй танилцуулах, зохион бүтээх, урлаг, хөгжим, уран сайхныг нь хөгжүүлэх хэмээн заасан байдаг. Гэтэл дээрх стандартад нийцсэн тоглоомын талбай манайд байхгүй байна. Ганц нэгхэн дээрх стандартад нийцсэн тоглоомын талбай байгуулсан. Харин гэр хороололд хүүхэд амьдардаггүй мэт тоглоомын талбайн асуудал орхигдсон байдаг.
Тэгвэл АНУ-ын Калифорни мужид хэдэн сар амьдрахдаа хүүхдийн тоглоомын талбайн жишиг ямар байх ёстойг харсан. Тус улсад олон нийтийн төв байдаг бөгөөд тэнд хүмүүс амарч, зугаалж, хүүхдээ төрөл бүрийн спортоор хичээллүүлж, тоглоомын талбайд тоглуулдаг.
Томоохон хотод бол хэд хэдэн гудамжны дунд хүүхдийн тоглоомын талбайг шийдэж өгсөн нь монголын гэр хорооллын гудамж талбайд ч гэсэн энэ жишгийг даган байгуулж болохоор байгаа юм.
Тэндхийн тоглоомын талбай дээр дурдсан стандартын дагуу биеийн хөгжлийг дэмжсэн үсэрч харайхад аюулгүй. Зориулалтын зөөлөвч, элстэй учраас унаж бэртэхэд хүнд гэмтэл авахгүй байхаар шийдсэн байсан юм. Манайд бол хэдэн хуванцар тоглоом авчраад тавьчихдаг. Тус тоглоом дээр нь бүх насны хүүхдүүд тоглох болдог. Гэтэл том хүүхдүүд гүйж харайгаад нөгөө тоглоомоо жилийн дотор эвдэлчихдэг. Нэг бол хүүхдүүд чадалтай болчихсон уу эсвэл тоглоомын чанар нь муу байна уу. Нөгөө талаар бага насны хүүхдүүд том ах, эгч нарын хөлд үрэгдчих гээд тоглоход бэрх байдаг. Гэтэл АНУ-д хүүхдийн нас насанд нь тохирсон тоглоомын талбайг шийдэж өгсөн нь тухайн хүүхэд өөрөө бие даан тоглоход аюулгүй аж.
Манай улсад зөвлөлтийн үед барьж байгуулсан тоглоомын талбайн төмөр гулгуур, салж унах дөхсөн савлуурнуудыг солих цаг нэгэнт болжээ. Түүнчлэн шинэ орон сууцнуудын гадна байх урд хөршөөс оруулж ирсэн хэдэн хуванцар тоглоомууд жилээ даахгүй эвдэрч түүнээс нь болж хүүхдүүд гэмтэж бэртэх тохиолдол буурахгүй байна.
ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасагт өдөрт дунджаар 15-30 хүүхэд осол гэмтлийн улмаас ирдэг байна. Осол гэмтэл авсан хүүхдүүд ихэвчлэн гэрийнхээ гаднах хүүхдийн тоглоомын талбайд тоглож байгаад гар, хөлөө гэмтээдэг ажээ. Иймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн жишигт нийцсэн эрүүл аюулгүй, нас сэтгэхүйд тохирсон тоглоомын талбайтай болох хэрэгтэй байна.
Сэтгүүлч Т.Сайнбуян