Туркийн Элчин сайд М.Ахмед Язалын гэргий доктор Кадирэ Зэйнэп Сайым Язалын санаачилгаар “Монголын Зүймэл даавуун урлалын төв”-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй, бага дунд орлоготой өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдааг Туркийн элчин сайдын өргөөнд энэ сарын 10-11-ныг дуустал зохион байгуулж байна.
Даавуу, торгоны өөдсийг ашиглан төрөл бүрийн бэлэг дурсгал, ахуйн хэрэглээний зүйлсийг урласан бүтээлүүдийг үзэсгэлэн худалдааны үеэр дэлгэн харуулжээ. Уг үзэсгэлэнгийн нээлтэд манай улсад суугаа Элчин сайд нарын гэргий нар оролцон худалдан авалт хийв.
“Монголын Зүймэл даавуун урлалын төв” нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд 3000 гаруй хүнд сургалт явуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар мэргэжлийн 30 гаруй хүн ажиллаж байгаа юм. “Шинэ замнал” ТББ-ын тэргүүн Ц.Сэлэнгэ “Сүүлийн гурван жилийн хугацаанд Туркийн Элчин сайдын гэргий гар урлалын бүтээлийг дэмжин манай төвтэй хамтран үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж байна. Гараар урласан зүйлс дахин давтагдашгүй бөгөөд хүний сэтгэл шингэсэн байдаг. Манай төвийн хувьд аль болох зорилтод бүлгийн иргэдэд зориулсан сургалт явуулахыг зорьдог. Гэхдээ зүймэл урлалыг сонирхсон иргэд 10000 төгрөг төлөөд анхан шатны 2-3 техник эзэмших боломжтой. Хуучин хэрэглэхгүй хувцас эдлэлийг ашиглан дахин шинэ эд зүйлс бүтээж болохыг иргэдэд зааж сурталчлах, цаашлаад байгаль дэлхийдээ ээлтэй үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.
Туркийн Элчин сайдын гэргий Кадирэ Зэйнэп Сайым Язал “Үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа ч Монголын дотоодын компаниуд болон иргэд дэмжлэг үзүүлж, худалдан авалт хийх нь бага байдаг. Таны худалдан авсан бүтээгдэхүүн хөгжлийн бэрхшээлтэй, бага дунд орлоготой өрх толгойлсон эмэгтэйчүүдэд ихээхэн дэмжлэг болдог юм шүү” хэмээв.
Та зүймэл даавуун урлалын бүтээлийг Улсын их дэлгүүр болон “Өгөөж” компанийн замын эсрэг талд байрлах дэлгүүрээс худалдан авах боломжтой.