Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын аймаг, сумдаас хүрэлцэн ирсэн 797 уяачдыг хамарсан Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны чуулган өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд болж өндөрлөсөн. Анхны Ерөнхийлөгчөөр АИХ дарга асан, Монгол Адуу нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, Жамбын Гомбожав сонгогджээ. Чуулганы үеэр ирсэн уяачид монгол адуугаа уралдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Монголын Үндэсний холбооны гол үзэл баримтлал бол улсын чанартай уралдаан тэмцээнд Монгол адуугаараа уралдах, эрлийз морийг тусад нь уралдуулах энэ талаар төрийн бодлогод нөлөөлөхийг зорьж байна гэлээ.
Монголын Үндэсний их баяр наадмаар зөвхөн монгол адуугаа уралдуулж байя хэмээн уриаллаа.
Түүнчлэн монгол, эрлийз морь холилдсоноор сүүлийн жилүүдэд адууны нийлүүлгийн өвчин гэх адууны “ДОХ” дэлгэрээд удаж байна. Иймд гадаадаас эрлийз морь оруулж ирэхийг хязгаартай тогтоох хэрэгтэй хэмээн тус холбооноос үзэж байна.
Тэдний хувьд тусдаа хурдан морины уралдааны дүрэм батлахгүй, тэдний дүрэм бол Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийг сайжруулах, нэмэлт өөрчлөлт оруулахын төлөө ажиллана гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Ирэх саруудад Үндэсний холбооны салбар таван бүсийн холбоог байгуулахаар болжээ.