Халдварт өвчин судлалын үндэсний төвд “Бургер Кинг”-д хооллоод хордлогод орлоо гэсэн 50 гаруй хүн өнөөдрийн байдлаар ханджээ. Энэ тоо цаашид улам өсөж болзошгүй байгаа аж. Тус эмнэлэгт хандсан хүмүүсийн биеийн байдал ямар байгааг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт долоо хүн хэвтэн эмчлүүлж байна. Сэхээнд орсон хүн байхгүй. Одоогийн байдлаар “Бургер Кинг”-ийн Зайсан дахь салбарт хоол идээд халуурах, гүйлгэх, суулгах өвчний шинж тэмдэг илэрлээ гэсэн 50 гаруй тохиолдол гараад байна. Хордлогын шинж тэмдэгтэй таван хүн Интермед эмнэлгийн хяналтад байгаа. Манай байгууллага Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран холбогдох тандалт судалгааг яаралтай хийж байна. Шинжилгээний хариу одоогоор гаруй байгаа” гэдгийг хэллээ.
Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Бургер Кинг”-ийн Зайсан дахь салбарыг шалгах ажил хэрхэн явагдаж байгааг тодруулахад “Тус салбарыг одоогийн байдлаар хаачихсан байгаа. “Бургер Кинг”-ийн тухайн салбарын хоол, ус, орчин, ажилтан, алба хаагчдаас холбогдох сорьц шинжилгээг авч шинжлүүлэхээр лабораторид шилжүүлсэн” гэх мэдээллийг өглөө.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Бургер Кинг”-ийн төв салбартай холбогдож хариу тайлбар өгөх эсэхийг тодруулахад “Манайхаас хордсон гэдэг нь тогтоогдоогүй. Тогтоох гээд мэргэжлийн хяналт болон ХӨСҮТ ажиллаж байгаа. Хариу нь манайд хооллоод хордсон гэж гарвал бид хариу арга хэмжээг авмаар байна” гэв.