Эцэг, эхчүүд, насанд хүрэгчдийн хайхрамж болгоомжгүй байдлаас зөвхөн энэ долоо хоногт 14 хүүхэд зам тээврийн осолд өртсөн талаар Тээврийн цагдаагийн албаны Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ. Эдгээр хүүхдүүдийн ес нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол тав нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.
Иймд эцэг, эхчүүд болон хүүхэдтэй хүн бүрт дараах аюулгүйн зөвлөмжийг хүргүүлж байна.
-Хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах;
-Хорооллын дотор явахдаа хүүхдээ гараас нь хөтөлж, бага насны хүүхдийг тэвэрч явах;
-Хүүхдийн тоглоомын тайлбайг хайс, хашаагаар замаас тусгаарлаж өгөх;
-Гарааш, зогсоолоос хөдлөх үедээ машинаа тойрон харж, хүүхэд байгаа эсэхийг шалгаж, нягталж байх;
-Гудамж, замын ойролцоо, орцны үүдний орчимд, машин зогсдог талбайд хүүхдээ тоглуулахгүй байх;
-Хорооллын доторх зам болон сургуулийн бүс орчмын замд хурдыг 20 км/цагаас хэтрүүлэхгүй байх;
-Явган хүний гарц болон хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчимд тээврийн хэрэгслийн хурдыг сааруулж, явган зорчигч, хүүхэд багачуудад зам тавьж өгч, болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.