Манай улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Улсын хэмжээнд нийт малчдын 46.3 хувь нь буюу 137 мянган малчин эмэгтэй, өрх толгойлсон 78 мянган эмэгтэй байна гэх тоон үзүүлэлт бий. Хөдөө орон нутагт алслагдсан бүс нутгийн малчин эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг судлах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг дүн шинжилгээ хийхээр болжээ.
Тус ажлын хэсэг энэ сарын 8-16-ны өдрүүдэд Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж байх хугацаандаа малчин эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцах, судалгаа авах, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага, статистик, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, эрүүл мэндийн байгууллага, аймаг, сумдын Засаг дарга нар, Хамтарсан баг, иргэний нийгмийн байгууллагууд, өмгөөлөгч зэрэг холбогдох төлөөллөөс мэдээлэл цуглуулах, үйл ажиллагаатай танилцах замаар энэхүү дүн шинжилгээг хийх юм байна. Энэ ажлыг НҮБ-ын Хүн амын сан дэмжиж хамтран ажиллаж байгаа аж.
Тэр тусмаа малчин эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх, энэхүү эмзэг асуудал тэдний гэр бүл, хамт олны эрүүл мэнд аж байдалд сөргөөр нөлөөлж буйг судлах зорилготой юм. Хэдийгээр орон нутагт хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байрууд болон зөвлөгөө өгөх тусламжийн утасны үйлчилгээг шат дараалалтай нэвтрүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хамгаалал, хууль зүйн дэмжлэг үзүүлдэг ч нэг цэгийн үйлчилгээний төвийн хэрэгжилтэд хүний эрхийн үүднээс тодорхойлох юм.