Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийг эхнээс нь буюу гэр хорооллын газар чөлөөлөлтөөс эхэлж, нарийн төлөвлөгөө, зураг төслийг үндэслэн дэд төвүүд бий болгохоор төлөвлөжээ. Улаанбаатар хотод зургаан дэд төв байгуулахаар төлөвлөсөн төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Сүхбаатар дүүргийн Сэлбэ дэд төвийг эхний ээлжинд хөгжүүлэхээр байгаа. Уг дэд төвүүдэд техник тоног төхөөрөмжийн дуу тасралтгүй үргэлжилж, шинэ хотынхоо газар доорх хотыг барьж байгаа талаар төслийн зохицуулагч Д.Авирмэд танилцуулсан юм. Тэрбээр “Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил 60 гаруй хувьтай байна. Ирэх жилийн аравдугаар сард дэд төвийг ашиглалтад оруулна. Ер нь орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд газар дээрх хотоо барихаас өмнө газар доорх хотоо зөв зохион байгуулалттай барих шаардлагатай” хэмээж байсан юм. Одоогийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвд газар чөлөөлөлтөд орсон иргэдийг байршуулах 50 айлын түр суурьших орон сууц тус бүр нэгийг, 8.6 км урттай ариутгах татуургын гол шугам сүлжээг тавьсан байв. Мөн Баянхошуу дэд төвд 2.3 км урттай үерийн хамгаалалтын суваг, хайсны угсралтыг хийж дуусчээ. Цаашид уг дэд төвд 7.42 км автозам, 1000 шоо метр хүчин чадалтай усан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон усан хангамжийн шугам хоолой зэрэг хийгдэх юм байна. Түүнчлэн инженерийн дэд бүтцээс гадна нийгмийн байгууламжууд болох 240 хүүхдийн ортой цэцэрлэг, иргэдэд бизнесийн мэдлэг олгох, ажлын байраар хангах МСҮТ-ийн барилгыг барьж байв. Барилгын ажил ерөнхийдөө дуусч байгаа бөгөөд цэцэрлэгийг ирэх сарын 15-нд, МСҮТийн барилгыг мөн ирэх сарын 30-нд хүлээлгэн өгөх аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ихээхэн ач холбогдолтой томоохон төсөл гэдгийг тодотгож байв. Тэрбээр “Энэ жил төслийнхөө 50 гаруй хувийг хийж байна. Ирэх жил төсөл бүрэн дуусна. Ингэснээр Баянхошуу дэд төв орчимд таван хорооны иргэдийг дулаан, цахилгаан, цэвэр бохир усны системд бүрэн холбох боломжтой. Гэхдээ энэ нь зөвхөн Баянхошуу дэд төв орчимд амьдардаг иргэдийг дулаанаар хангах тухай асуудал биш. Жишээ нь, Эндээс Улаанбаатар хотын баруун хэсэгт амьдардаг иргэд хотын төвөөс авдаг үйлчилгээгээ эндээс авах боломжийг бүрдүүлэх учир голдуу олон давхар орон сууц, бизнесийн байгууламж, худалдааны төв зэрэг олон төрлийн байгууллагыг цогцоор нь шийдвэрлэх юм” гэлээ.
Иргэдийн орлогод нийцүүлсэн 10 мянган айлын орон сууц барина
Төслийн дараагийн шатанд яригдах асуудал нь мэдээж иргэдийг орон сууцжуулах асуудал юм. Тиймээс дээрх хоёр дэд төвд түшиглэн “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр өндөр өртгөөр бий болсон дэд бүтцийг бодитоор ашиглах боломж бий болно гэж санаачлагчид үзэж байгаа аж. Хөтөлбөрийг Дэлхийн ногоон сан болон Азийн хөгжлийн банктай хамтран 580 орчим сая ам.доллараар хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийгээд байгаа аж. Ингээд 10 мянган айлын орон сууц барих бөгөөд долоон мянга нь орлого багатай айл өрхүүдэд зориулна гэдгийг Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлж байв. Харин хоёр мянга орчим орон сууцыг дундаж орлоготой айл өрхүүдэд зориулах бол үлдсэнийг тансаг зэрэглэлийн орон сууц байхаар төлөвлөсөн байна.
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд “Бид ипотекийн зээлийг олгож, байнгын ажлын байртай иргэдийг орон сууцжуулж байсан бол энэ удаад гэр хороололд амьдарч байгаа, орлого багатай иргэдийг хамруулахаар төлөвлөж байна. Энэ нь гэр хорооллыг цогцоор нь хөгжүүлэх, агаарын бохирдол, замын түгжрэл бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм” хэмээлээ. Сэлбэ дэд төвийн хувьд бие даасан дулаанаар хангахаар 26.68 мВт хүчин чадалтай дулааны станцыг барьж байв. Уг дулааны станц баригдаж бүрэн ашиглалтад ороход эхний ээлжинд 35 дугаар сургууль, 51 дүгээр цэцэрлэг зэрэг төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд холбогдохоос гадна дэд төвд амьдарч буй 25 мянга орчим айл өрх дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэх аж. Нөгөө талаас агаарын бохирдол өндөр байдаг уг бүсийн нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулах боломжтой юм байна. Түүнчлэн газар чөлөөлөлтөд 910 нэгж талбар буюу хашаа өртсөнөөс чөлөөлөлт 90 гаруй хувьтай байгаа аж. Газраа чөлөөлсөн иргэдийн 80 орчим хувь нь орон сууцанд орсон нь судалгааны үр дүнгээс харагдсан байна. Тиймээс ч газар чөлөөлөлтөд орсон иргэд ая тухтай орчноор хангагдсанаас гадна, агаарын бохирдлыг бууруулахад энэ хэрээр яндангийн тоог бууруулж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байв. Төслийн хоёрдугаар үе шатанд Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг хөгжүүлэх юм байна. Эхний ээлжинд нарийвчилсан зураг төслийг хийхээр БНСУ-ын компани шалгарчээ. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны зургадугаар сараас эхлүүлэх аж. Харин төслийн гурав дах үе шатанд агаарын бохирдол өндөр байгаа гэр хороолол орчмыг сонгох саналыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ирүүлсэн байна.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: Ипотекийн зээлийг шинэ журмаар олгоно
-Баянхошуу дэд төвийн хувьд дулаанаа “дцс- IV”-аас авахаар болж байгаа юм байна. шинээр барих боломж байхгүй байсан юм уу? -Дулааныг хаанаас авахыг мэргэжлийн байгууллага шийддэг. Шинэ цахилгаан станц барихаар төлөвлөж байсан ч төвийн шугамд холбохоор болсон юм байна. -цаашид иргэдийг орон сууцжуулах асуудал ямар шатанд явж байгаа вэ? -Иргэдийг орон сууцжуулах асуудал тулгамдсан асуудлын нэг байна. Одоогоор ипотекийн зээл олгох журам хэрэгжиж байгаа. Урьдчилгааг бууруулахаар судалж байна. Шинэ журмаар хэрэгжиж эхэлнэ гэж ойлгож болно. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн барилга шинээр барьж байгаа. Гэхдээ өнөөдрийн манай улсын эдийн засгийн нөхцөл байдал түрээсийн орон сууцыг төрөөс санхүүжүүлэхэд бэрхшээлтэй, хөрөнгө мөнгө гаргаж чадахааргүй байна. Тиймээс олон улсаас урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл татаж “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа. Тухайлбал, эхний ээлжинд БНХАУ-тай хамтран хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хурлаар уг асуудлыг ярьж, шийдэгдсэн. “Дэнжийн мянга”-д 1008 айлын багтаамжтай орон сууц баригдана. Дараагийн ээлжинд БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор байгаа. Үүгээр мөн орон сууц барина. Цаашдаа зорилтот бүлэгт зориулсан орон сууцыг олон улсын зах зээлээс урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч хэрэгжүүлэхээр зохион байгуулж байна. -уг орон сууцнуудыг ямар нөхцөлтэй олгох юм бол? -Дэд төвүүдийг түшиглэн орон сууц барьж, зарим орон сууцыг ипотекийн зээлээр, заримыг нь түрээсийн журмаар иргэдэд олгоно. Энэ төслийн үр дүн нь газар чөлөөлөлтөд ямар нэг байдлаар хохирсон, гомдолтой иргэд байхгүй. Өнөөдрийн байдлаар 1000 орчим айл өрх газраа чөлөөлж, дэд бүтцийн бүтээн байгуулалт амжилттай явагдаж байна. Одоо орон сууцаа барьчихвал, Баянхошуу, Сэлбэ гэсэн дэд төв, хот босно.
Б.Номин