Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 74 дүгээр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг томилжээ.
ЗАРЛИГТ:
" Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн Батсүрэнг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын дээд шүүхийн байранд очиж, дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа. Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулжээ.
Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нь 1965 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 54 настай, эрэгтэй.
1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль
1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи
1997-1999 онд ХБНГУ-д Их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч
1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч
2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн
2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч
2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгчээр
2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байгаа. Шүүгчээр 15 жил ажиллаж байгаа нэгэн аж.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зарлигийг гуравдугаар сарын 28-ны өдөр гаргасан. Ц.Зориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бөгөөд Ерөнхийлөгч түүнийг нь хүлээн авч, чөлөөлөх зарлиг гаргасан билээ. Түүний дараа Улсын дээд шүүхийн шүүгч нар хуралдаж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн ч Ерөнхийлөгчийн зүгээс томилохоос татгалзсан юм.