Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй” романы уншигчдын дунд зарласан “Би гүйж явна" эсээ бичлэгийн уралдаанд маш олон эсээ иржээ. Иймд зохион байгуулагчид шагналын сангаа нэмэгдүүлж, дахин зургаан тусгай шагналтныг тодруулан нийт есөн хүнд энэ сарын 6-ны өдөр шилдэг эсээний шагналыг нь олгов. Тэргүүн байранд Хөвсгөл аймаг Мөрөн сум Сод Эрдэм сургуулийн МХУЗ-ын багш Х.Нэргүй 500.000 төгрөг, АЗ ХУР номын бэлгийн багц, MAZALA урамшуулал, хоёрдугаар байранд хүүхдийн зохиолч Н.Мандал 300.000 төгрөг, АЗ ХУР номын бэлгийн багц, MAZALA урамшуулал, гутгаар байранд Хөвсгөл аймаг Мөрөн сум Сод-Эрдэм ЕБС-ийн МХБУЗ-ын багш С.Энхээ 200.000 төгрөг, АЗ ХУР номын бэлгийн багц, MAZALA урамшуулалаар шагнуулжээ.
Уран зохиолоор дамжуулан нийгмийг идэвхжүүлэх үйлсэд гар бие оролцон эсээ, тэмдэглэлүүдээ бидэнд илгээсэн нийт уншигчиддаа маш их баярлалаа хэмээн уралдааныг зохион байгуулагчид нар дурдав
Тусгай байранд МУИС-ийн 1-р дамжааны оюутан Б.Харлыгаш 100.000 төгрөг MAZALA урамшуулал, Франц улс Лавал хотод амьдран суугаа Б.Баярбаясгалан 100.000 төгрөг MAZALA урамшуулал, “ИЦ" 1-р ахлах сургуулийн 12Б ангийн сурагч У.Элбэгзаяа 100.000 төгрөг MAZALA урамшуулал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Г.Бадамгарав 100.000 төгрөг MAZALA урамшуулал, Өмнөговь аймгийн 1-р сургуулийн бага ангийн багш О.Сувдаа 100.000 төгрөг MAZALA урамшуулал, Зохиолчийн нэрэмжит шагнал: Даваасамбуугийн Оюунчимэг (Боловсрол судлалын ухааны доктор) Уран зохиолоор дамжуулан нийгмийг идэвхжүүлэх үйлсэд гар бие оролцон эсээ, тэмдэглэлүүдээ бидэнд илгээсэн нийт уншигчиддаа маш их баярлалаа хэмээн уралдааныг зохион байгуулагчид нар дурдав.
Ах аа, бид хамт яваа юм аа, “хамт зорчих” гээд картаа дарчихъя, гэж хэлээд гартаа барьсан номоо дээш өргөхөд жолооч ах над руу гайхсан харцаар харлаа. Харин хаа очиж наргиан ойлгодог хүн таарчээ. Наад эмэгтэйгээ өвөр дээрээ аваад суучих аа миний дүү. Энэ өглөөгүүр гүйж явахыг бодоход яарч яваа бололтойдог шүү. Сайн барьж яваарай даа, хаалгаар гараад дэгдчих вий. Хариуцлагыг нь би хүлээхгүй шүү гээд жолооч ах над руу инээмсэглэв. Эцсийн зогсоолоос суусан тул, сул суудал хангалттай байлаа. Харж, харж хамгийн арын эгнээнд очин суугаад, эхний хуудсаа нээлээ. Толь шиг байлаа. Нийгэм тэр чигтээ ойн харагдлаа. Нүдэндээ үл итгэнэ. Миний мэддэг боловч илэрхийлж чаддаггүй бусдын амьдрал байлаа. Шимтэн уншихад нэг зүйл саад болно. Буудал бүрд зогсох автобусны зогсолт. Яарч уншихад, яарч явахад цаг хугацаа хурдтай урсах авч явах зам үл хорогдох мэт. Тэгээд хэсэг завсарлав. Зогсож яваа тэр нэгэнд суудал тавьж өгөхөөр өндийв. Учир нь би орчин үеийн залуус гэж эхлээд, соёлгүй гэж дуусах тэр ярианд дургүй. Одоо цагаа, хийж бүтээж яваагаа үнэлдэггүй нийгэм, үнэлж чаддаггүй төрд дургүй. Тиймээс зүгээр л босоод зогсчихсон нь дээр. Хаа нэгтээ үнэнг үнэлж, хүлээн зөвшөөрч, дэмжиж чаддаг тэр газар луу явчихсан нь дээр.
Цааш үргэлжлүүлэн уншив. Мөнгийг үзэн ядав. Мөнгө амьдралын бүх зүйл биш боловч, тэр бүх зүйлийг бүтээлцэхэд чухал байр суурь эзэлдэг болохынх нь хувьд. Цаас мөртлөө, тэр хүнийг олон дүрд хувиргаж, олон ч баг зүүлгэж, үнэн худлыг шүүж, хүний жинхэнэ төрхийг илчилдэг болохоор нь. Хүнийг үнэлдэг болохоор нь.
Цаг хугацааг, түүнийг олоход зарцуулдаг болохоор нь. Түүнчлэн энэ эмэгтэйтэй хамт зорчих энэ мөчийг ч бас эцэг эхийнхээ хөдөлмөрөөр наймаалсан тэр мөнгөөр худалдаж авсан болохоор. Тийм ээ тэр үнэхээр чадалтай болохоор нь би үзэн ядсан юм.
Эндээс тэр их хүлээлт эхэлж. Холдон одсон, тусгаарлагдсан хол зай.
Хичээсэн ч хүрч чадахгүй байх мэдрэмж. Хаалга хаагдах. Тэгээд нээгдэх. Хэчнээн удаа нээгдэж хаагдахыг үл мэднэ. Нүдэнд үлдсэн тэр дүр. Алсран одсон тэр мөч. Намайг, надаас авраач. Өөрөөс минь намайг аваад яваач. Шөнө миний гэр орон. Зүүд биднийг холбох дүрст дуудлага. Хэтрүүлэлгүй, тааруулж хэрэглэсэн бүхэн үнэд хүрдэг. Сэтгэл дулаацуулдаг. Цахим ертөнц, дүрст дуудлага шиг. Ойлгож байна. Юмсын хэрэгцээ шаардлага, уялдаа холбоог. Энэ үе. Амьдралаа өөд татаж, эцэг эх гэх үүргээ хүлээх гэж яваа эгэл жирийн аав ээж. Байдаг. Миний, чиний, бидний, хаяад явсан, орхиод одсон, үзэн яддаг, үгүйлж санадаг, үгүйд нь эзгүйрдэг тэр л хүмүүс. Өр тавьдаг, зээл авдаг. Тэгээд үрээ хараад сэтгэлээ нөхдөг, эргүүлж төлдөг. Тэр л хүмүүс. Тиймээс тэд муу, сайн аль нь ч байж болно. Учир нь хүний хувь заяаг бэлэглэнэ гэдэг юутай том бэлэг. Тэгээд л боллоо. Одоо бидний ээлж. Зөв явж тэднийгээ шагная. Энэ эмэгтэй шиг. Гэхдээ санаснаар болохгүй юм. Тэд тушаал авсан цэрэг шиг, үргэлж бэлэн байдалд байх юм. Санаа сэтгэл нь бидэнд наалдчихаад үнэсэж, үглэж, санаж, шаналж явах юм. Муу ч, сайн ч. Хол, ойроос ч. Хайрлах, хүндлэх сэтгэл төрлөө.
Ерөөс аз жаргал гэдэг байгаагаа хүлээн зөвшөөрч үнэлэхийн нэр юм уу даа. Хүлээн зөвшөөр. Паартай байшин, паалантай жорлон, тохилог сууц чинийх биш бол тав тухыг бүтээж чадахгүй юм байна.Тэр хүнийх, бусдынх. Тэнд тааваараа байх чиний орон зай үгүй. Дулаан инээмсэглэл, дотно төрх бүхэнд үнэн оршдоггүй юм байна. Тэгэхээр, нүдэнд харагдаж буй бүхэн бодит байдал бас л биш юм байна.
Зовлон, зовлон биш. Жаргал, жаргал биш. Зүгээр л хүнийг хүмүүжүүлэх сорилт. Өөр нэг зүйл. Энд мөнгө хүчин мөхөстлөө. Ийм авьяас түүнд заяадаг. Гэхдээ тэр хичээл зүтгэлийг авьяас болгочхов уу? авьяас нь хичээл зүтгэлийнх нь эх болсон уу бүү мэд. Эсвэл хүлээлт, ганцаардал, тэвчээр, тууштай зан энэ бүхнийг бүтээсэн үү?
Мэдэхгүй ээ, яаж ингэж сэтгэл хөдлөл дотоод хүнээ удирдаж чаддаг байна аа. Би бол аль хэдийнээ бачуурчихсан. Нууж халхлах тусам улам торойн тодрох нь хүний сэтгэл биш гэж үү? Ойлголоо. Өөр арга байгаагүй байх нь. Гэхдээ гайхалтай бас, үзэсгэлэнтэй юм. Нууж чаддаг. Ямар агуу нууц вэ? Хүний амьдралын зовлонг хөндлөнгийн хүн мэдэхгүй тул, нууж чадвал зовлон жаргал болно. Ямар их хүч тээж явдаг юм бэ? Хүний сэтгэл гэдэг чинь. Энэ эмэгтэйд эцэг эх нь асар том хөрөнгө өвлүүлжээ.
Түүнийгээ өөрөө нээн илрүүлж чадаж. Тэр бол УХААН. Ухаж ойлговол тийм ээ хүмүүжил, өөрөө өөрийгөө дэлхийн хүн болгосон тэр том хүмүүжил. Буруу замаар будаа тээгээгүй, бие сэтгэлийн тэнхээ. Энэ бүхнийг эргэцүүлэх зуур эцсийн зогсоол руу автобус хөдөллөө. Номын сүүлийн хуудас ч эргэлээ. Хачирхалтай нь, энэ удаа замын түгжрэл, бусдын бухимдлыг би мэдэрсэнгүй, анзаарсангүй. Зөв зүйлд анхаарлаа хандуулсан болохоор тэр биз. Явах замаа, хийж чаддаг зүйлээ, нээж илрүүлсэн тэмүүлэлтэй хүнд бэрхшээл урагш алхах хүч өгдөг бололтой. Нэгэнт зөв замдаа орчихсон хүнээс зовлон хүртэл нүүрээ буруулж бууж өгдөг.
Тэгээд зөв явсных нь төлөө шагнадаг юм байна. Автобусанд орохдоо суухыг илүүд үздэг би, буухдаа зогсохыг илүүд үздэг болсон байлаа. Биед амар зүйл гэхээс илүү биеэ сорьсон зүйлд цаг зарцуулсан дээр болохыг мэдрэв. Юмсыг нэг талаас нь харж дүгнэх дэндүү хоцрогдсон болохыг ойлгов. Нөгөө талд нь юу байгааг сонирхох хэрэгтэйг сурав. Өдийг хүртэл өөртөө тээж явсан олон багаа нэг нэгээр нь хуу татахаар шийдэв. Өөртэйгөө үл зөрчилдөхөөр шийдэв. Дотоод хүнтэйгээ нэг хүн болсон болохоор. Угтаа нэг биед олон дүр байхын хэрэг юун. Өөрийгөө ач холбогдолгүй зүйлээс чөлөөлөв. Энд үгүйсгэл буй тул. Тэгээд өөрийн оршихуй, аз жаргал руу буун яарлаа. Энд эерэг бодолтой, нэгэн шинээр мэндэллээ. Дахин төрлөө. Номын шид буй.
Гэхдээ нэг л тухгүй. Олчихлоо. Заавал гэж албадаагүй боловч, заавар гэж ойлгодог тэр зүйлсээс холдлоо. Биеийг минь барьж байсан хөхний даруулгаа тайллаа. Бие эрх чөлөөг эдлэв. Ямар тухтай юм бээ? Тансаг биш ч өөрийн гэртээ ирлээ. Тааваараа орилж, тааваараа инээлээ. Таатай байлаа. Хажуугаас хананд өлгөсөн гэр бүлийн минь зураг мишээнэ. Бид хамт байна. Аз жаргал яг энд, яг энэ 30 метр квадратаар дүүрэн байна. Би өөрчлөгдсөн байв. Автобусанд суухдаа жирийн л нэгэн, бүхнийг төвөгшөөдөг,бусдыг буруутгадаг, жаргалаа үгүйсгэдэг. Буухдаа гүйж яваа эмэгтэй болов. Сэтгэлдээ түүнийг буулгав. Сэтгэлгээгээ өөрчлөв. Тэгээд буув. Өөрчлөгдсөн намайг хүмүүс өөр нүдээр харах шиг. Эсвэл үзэл бодол минь өөрчлөгдсөн болохоор би бусдыг өөрөөр, өнгөөр хараад байх шиг ? Мэдэхгүй ээ, бүх хүмүүсийг өөр шиг ээ гүйлгэмээр байна. Энэ нийгэм ээ, эргэн тойрноо эерэг чиглэл рүү гүйлгэмээр байна. Би эхлэл нь болог. Тэгээд зааж өгье хэрхэн гүйж сурсан аа.
Эмэгтэй ч бас эцсийн мөчид баяртай байв. Дэлхийн хүн болсондоо биш, дэргэд нь гэр бүл нь байсанд. Тэгэхээр бидэнд юу чухал болохыг анзаарав уу? Тийм ээ таны, миний гэр бүл.
Тэгээд л боллоо. Хүсэл энд биеллээ. Одоо шинэ хүсэлтэй болцгооё. Хүн шиг хүн байцгаая. Буруу замаар гүйж яваад үнэнд гүйцэгдсэн бол, буцахад оройтоогүй шүү боломж үргэлж байдаг. Харин явах замаа зөв тодорхойлсон бол яаравчлаарай, өрсөлдөгч олон шүү. Гүйцэгдэхгүйн тулд гүйгээрэй, алхаарай, бүү зогсоорой.
Нэмж хэлэхэд буруутгаагүй, бусдыг үзэн ядаагүй, элдэв нэр ороогүй, уншихын залхуу хүрээгүй эгэл жирийн охины хаяагүй, гээгээгүй, нуугаагүй, чирээд гүйсэн, тээгээд ирсэн, нялуун сүрчиг үнэртэн бус хөлс хөдөлмөр үнэртсэн ийм нэг түүх байлаа.
Уншихын залхууг ялж энэ хүртэл уншсан танд баярлалаа.
Яг одоо хажууд минь тоглож, хичээлээ хийж буй үр хүүхдээ хараад тэдний ертөнцөөр би хэрхэн аялж болох тухай бодож сууна. Тэр юуг дотроо эргэцүүлж, юунаас айн эмээж, юугаар өөрийгөө хөглөж, урагшлан тэмүүлдэг юм бол оо? Би тэр жаахан ертөнцийн тухай хэр сайн мэдэх вэ? хэмээн асуултад ээрэгдэн бодлогошров.
-Галт тэрэг явчихлаа...
Аргадангуй бас сануулангуй энэ бүдэгхэн гурвөн үг намайг алмайрлаас сэрээв. Аль хэдийнэ холдон холдсоор тэртээх тохойг ороон алга болсон ногоон галт тэрэгний уухичсаар цаашилж байгаа дүр зураг, яндангаас нь савсах утаа одоо ч сарнин алга болоогүй л байна. “Надаар тоглоом хийж байгаа байх. Тэд галт тэргээр энүүхэн булан тойрчихоод л эргээд ирнэ...”|хуудас 4|
Зохиолын гол баатар халуун ам бүлээсээ салж, амьдралын эрхээр ганцаараа үлдэж буй энэ хэсэгт өнөөгийн нийгэмд тохилдож буй нийтлэг зүйлийн нэг болохыг зохиогч тод томруун дүрсэлсэн бөгөөд хүүхдийн ертөнцөөр уншигч биднийг аялуулж, тэднийг ойлгох, улам ихээр хайрлан хамгаалах хэрэгтэй гэдгийг мэдрүүлсэн нь таатай санагдлаа.
...Алтан шаргал говийн захад атга арвай амьдран суудаг байжээ. Гялалзан шаргалтах элсэн талыг хараад арвайнууд тэнд очихсон гэж их хүсдэг байв. Гэтэл нэг өдөр гэнэт их салхи гарч хамгийн жижигхэн хамгийн хөнгөхөн нэг арвай нь хийсээд явчихаж гэнэ ээ.|Номын 44-р хуудас |
Энэхүү арвайн үлгэр болоод нугараач охины амьдрал төстэй хэрнээ тэд өөр өөр газарт тус тусын замаар түүхийг бүтээж ээж, аавдаа очиж буй нь хүн хүний амьдралын орчин, аливааг харах өнцөг нь харилцан адилгүйг ухааруулахын сацуу гэр бүл хамгийн нандин гэдгийг харуулжээ. Мөн бидний амьдарч буй нийгэм байр сууриа эзэлж олж чадаагүй нэгнийг хэн ч биш болгож чаддаг тухайг жишин хэлсэн мэт санагдана.
Би ямар нэгэн тооцоо бодохгүйгээр гараа хүссэнээрээ байлгамаар байна. Зогсох эсвэл суух газартай баймаар байна. Дураараа инээж болох эсэхээ мэддэг амьдралаар амьдармаар байна. ....Орой бүр харьж явахдаа айлын эгч ууртай байх болов уу гэж бодмооргүй байна. |Хуудас 34|
Эрдэм номонд шамдан суралцаж буй ангийн жаахан шавь нарын минь дотор гэртээ харихдаа ингэж бодон бодон алхаагаа удаашруулдаг хүү, охин байдаг юм биш биз дээ гэх эргэлзээг ч өөртөө өвөртлөөд авлаа.
Айлд суудаг, ах дүү хамаатан садныдаа суудаг хүүхэд бүрт иймэрхүү бэрхшээл тулгардаг гэдгийг томчууд сайн мэддэггүй. Зохиолын гол баатрын тухай уншиж суухдаа хажуудаа буй үр хүүхдээ, хамаатан саднаа ийм байдалд оруулдаг юм биш байгаа гэсэн асуултыг өөртөө тавьж өөртэйгөө ярилцаж, хянах боломжийг олгосноороо өвөрмөц ажээ энэ зохиол.
....Уйлсаар байгаад түүний нулимс барагдаж гэнэ.Нэг өдөр маш их хүчтэй салхи гарав... Гэнэт газраас тасарч, хөлнөөс дүүжлэгдэн уясан үндэснээсээ сугараад дээш хөөрч байгаагаа анзаарав. Саяхан хучигдсан байсан хөрс түүний араас даллах шиг тээр дор харлан үлдэхэд салхи түүнийг энгэртээ тэврэн ниссээр алтан шаргал тариа найгасан үзэсгэлэнтэй хөндийд авчран унагажээ.| Хуудас 45|
Гол баатар болох охин нулимсаа захирч чаддаг байхад харин үлгэрт гарсан арвай уйлсаар л байдаг тухай өгүүлсэн нь хоёр өөр үзэлтэй хүмүүсийг харьцуулжээ. Сул дорой, өөртөө итгэлгүй байх нь хэний ч олз болж болзошгүйг анхааруулсан мэт. Арвай хөлнөөсөө дүүжлэгдэн уясан үндэснээсээ сургараад хөөрөн нисч буй энэ хэсэг нугараач охины хэсэн суурьшсан лимбэчин, бүрээчин, авга эгч, бүдүүн ах нарын зан чанарыг нэгтгэн дүгнэсэн мэт санагдуулав. Учир нь бид хажуудаа өсч торниж буй хүүхдийг хүүхэд л гэж хардгаас биш, тэр ямар мөрөөдөл тээж явдаг, юуг дотроо тунгаан боддог хийгээд өсч том болно, бидэн шиг болно гэж төдийлөн боддоггүйд оршино.
-Үргэлж санаж, занаж явдаг тусыг ямар тус гэх вэ? дээ. Чамайг ганц удаагийн тусаараа барьцаалж, насан туршдаа авьяасыг чинь зарж идэх сонирхолтой байсан юм биш үү? |Хуудас 190|
Хүний сайхан сэтгэлийг далимдуулан амар хялбар аргаар мөнгө хүүлэгч хүмүүсийн төлөөлөл бүдүүн ах байлаа. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг түүний дүрээр томруулдаг шил мэт нүдний өмнө дүрслэн зуржээ.
Харин аав, ээж арвай нь бяцхан арвайгаа хаана байгааг олж харах гэж өндрөөс өндөрт ургаж, салхи болгонд үгээ дайж, үндэс болгоноос учирлан гуйсан тухайгаа ярина. |Хуудас 46|
Аав, ээж бүхэн үрийнхээ төлөө үргэлж сэтгэл зовнин харуулдаж суудгийг, хол газар байлаа ч гэсэн сэтгэл зүрх нь үүрд хамт байдгийг залуу хүн бүхний сэтгэлд арвайн ээж, ааваар төлөөлүүлэн үзүүлсэн аж.
Хоол хийж байгаа алхам бүрийг минь ээж дэлгэцээр харж, би зааснаар нь өөртөө зориулан анх удаа хоол хийлээ. Аав дүү хоёр дэлгэцний цаанаас намайг нүд салгахгүй харах хэрнээ хоорондоо ноцолдон тоглоно. |Хуудас 112|
Энэхэн хэсэгт ирэхэд би завгүй урагшлан тэмүүлсэн амьдралын тухай эргэцүүлэв. Өглөө бүр ажилдаа яаран гарахдаа гэртээ үлдэх үрдээ хэдий хэмжээний зав гаргаж суудагсан билээ гэж өөртэйгөө тооцоо хийлээ. Тун багахан шүү. Энэ тооцоо ганцхан намайг бус “Гүйж яваа эмэгтэй”-г уншсан хэн бүхнийг магадгүй цочоох биз. Дээрх хоёрхон өгүүлбэрээр зохиогч хол хэрнээ үр хүүхэдтэйгээ хамт, хажуудаа мэт хэрхэн амьдарч болдгийг, хажуудаа ойрхон атлаа хол юм шиг оршиж болдгийг өгүүлжээ.
Аавын хэлдгээр надад яг л далавч ургаж байгаа мэт дахин дахин, холын холд ниссэр байх тавилантайгаа тэр мөчид ухаарсан юм. Тийм ээ, бид дахиад л нисэх нь. Би нисэх нь... |хуудас 211|
Миний хамгийн хэлэн дуртай үгийг энэ зохиол өөртөө шингээчихжээ. Бэрхшээлийн цаана бэлэг гэдэг үг байдаг. Түүнийг үйл явдал бүхэн нь өртөөчлөн кино мэт дурайлгачихлаа. Миний өмнө ирээдүйрүүгээ гүйж яваа гучин хэдэн өөр ертөнц нугаарч охин шиг л гүйж явна. Би ч бас тэдэнтэйгээ хамт, ээж, аав, хамаатан садан бүхэнтэй нь хөтлөлцөн эх орныхоо ирээдүйг бүтээлцэхээр гүйж явна.
“Арвайн түрүү боловсрох тусмаа бөхийдөг...” шиг боловсрохын тулд, боловсруулахын тулд зогсолтгүй гүйж явна аа.
Зохиолч Х.Болор-Эрдэнийн "Гүйж яваа эмэгтэй" бэсрэг романыг уншаад, зүрхний угаас эдгээр үгс ямар ч хүч шаардахгүй асгараад гараад ирэв. Сайхан, сайн бүтээлээр ухаан сэтгэлээ "дайлах" сайхан. Харин зохиолыг мэдэрсэн мэдрэмжээ та бүгдтэйгээ хуваалцъя. Та нар ч мөн бусадтай хуваалцан хамт уншаарай.
Гүй охин минь гүй, хурднаас хурдан
Нис Дамбо минь нис, өндрөөс өндөрт
Францад үүл маш хурдан нүүдэг. Яг л хойд Атлантын түрэмгий түрлэг далайн усыг хөөсрүүлэн самрах мэт, бөөн цагаан үүлс хурдан хурдан хуйлран нүүнэ. Энд ирсэн цагаас хойш би аливаа бодолд автах бүртээ тэнгэр рүү, хаашаа ч юм яаран гүйх мэт нүүх үүлс рүү удаан харж зогсдог болсон. Чухам хүн төрөлхтөнд ганц л заяасан нэгэн цул атлаа, амьдарч буй орон, газраасаа хамаараад өнгө нь, үнэр нь, ааш аяг нь хүртэл өөр болж хуваагдаад байдаг энэ тэнгэрийн доор ертөнцийн таван тив, зах хязгаар нутаг, өнцөг булан бүрт бид өөр өөрсдийн зам мөр, зураг заяагаар амьдарч л явна. Үүл нь хурдан хурдан нүүдэг Францын тэнгэрийн доорхи амьдралын тухайд ярихад энд олон олон үндэстэн өөр өөрсдийн ёс уламжлал, соёл сэтгэхүйгээ европ хэв маяг, дүрэм журамтай уусган зохицуулж аж төрдөг. Тэдний нэг нь монголчууд бид. Энд буй монгол хүн бүр өөр өөрийн түүхтэй. Гэхдээ бүгдэд нь нийтлэг байдаг нэгэн үнэн түүх бол эх орондоо хүлээсэн, санасан, учран золгохыг мөрөөдсөн, магадгүй уулзаж амжаагүй хагацсан гэр бүл, ойр дотнынхонтой байдаг юм.
Хүүгээ өлгийдөөд орхисон ээж шиг, хүний нутагт сэтгэл тогтсонгүй гэсэн Явуухулангийн мөртүүд шиг уянгалж болох ч амьдралын эрхэнд, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэлээ тогтоон барих, бүр цаашилбал энэ газартаа идээшин хайрлах ёстой хорвоогийн үнэнг маш олон монголчууд туулж явна.
Чухамхүү энэ үнэнийг уран бүтээлээр зураглаж, харьд буй монгол хүн бүрийн элгийг дэвтээж, зүрхийг хайлуулсан нэгэн зохиолыг хэдхэн хоногийн өмнө уншлаа. Нэр нь "Гүйж яваа эмэгтэй". Хамгийн сонирхолтой нь номын нэр шиг нүд минь гүйн гүйсээр огт эцэж цуцалгүй дурлаж уншаад дуусгалаа. Мэргэжлийн нүдээр харвал "Эртээ урьдын цагт..." гэж эхэлдэг зохиолуудаас хэл зүй, бүтцийн хувьд тэс өөр. Яг л кино хамгийн чухал зангилаа кадраараа эхэлдэг шиг энэ зохиол яг тийм дүрслэл, өрнөлөөр эхэлж байна. Зохиогчийнх нь нэрийг харлаа. Х.Болор-Эрдэнэ...... "18-т минь битгий уйл, ахиад дурлал ирнэ гэж итгээрэй" дууг нь 18 настайдаа троллейбусанд сонсоод уйлж явсан үе минь, танил дотно зохиолч минь байлаа. Бичих дуртай надад, бичгийн хүн ойрхон байгаа нь сайхан санагдав. Хөгшин Европын ажин түжин дунд түүн шиг эрчтэй зохиолч яагаад ирсэн юм бол ч гэж бодож үзлээ. Яахав, энэ бол бидний л амьдрал.
Монгол номоор "өлсч" байдаг бидний хувьд монгол зохиолч маань монгол хэлээрээ хамгийн их хэлж яримаар байдаг ч өмнө нь хэн ч энэ тухай бичиж зүрхлээгүй сэдвийг хөндсөн зохиол туурвисанд догдлон баярлав. Хайж олж уншчихаад халуун гараас нь атгасан мэт болов, аав ээжийнхээ. Гүйж яваа эмэгтэй....Тийм ээ, зохиолын гол баатар бүсгүй үнэхээр зогсолтгүй гүйдэг юм, амьдралд.
Яг л Форрест Гамп шиг...Хорвоо заримдаа шударга биш шүү дээ. Бүх зүйл нь бэлэн заяагдаж, амьдралын сорилтыг хэвтэж байгаад туулдаг нэгэн байхад, аажуу тайван алхаж туулдаг, эсвэл алхаа нь хангалтгүй, гүйх шаардлагатай атлаа түүнээсээ няцаж шантардаг, амардаг, бууж өгдөг гээд янз бүрийн хувь зохиол бий. "Гүйж яваа эмэгтэй" номын гол баатар бол гэр бүлийнхэн нь цөм амьдралын эрхээр хилийн дээс алхаж, ганцаараа Монголдоо үлдсэн бяцхан охин юм. Хүүхэд насны инээж хөхөрч, эрхлэн хайрлуулах эрхээ аав, ээжтэйгээ хамт гал тэргэнд суулгаад үдэн мордуулсан хэрсүү ухаант юм. Түүнд гүйхээс өөр сонголт байгаагүй. Амраагүй, замдаа зогсоогүй, бүдэрч унаад өвдгөө шалбалсан ч үлээгээд өгөх аав ээж нь хол, ёолохгүйгээр буцаж босоод гүйх зорилготой хүний гайхалтай үр юм.
Хүний нутагт хөлсөө дуслуулан ажиллаж, хүүхдээ авахыг хүсэн бүтэн нойртой хоноогүй аав, ээж. Хүүхэд хонгор насандаа гэр бүлийнхнээ бүгдийг нь хол замд үдэж, айл айлд хоцорсон хэцүү бэрх салаа зам...Гэсэн ч зохиолын баатар энэхүү удаан, урт, гунигтай, саадтай замд чигээ алдсангүй. Уран нугаралтаар хичээллэж, гойд сайхан суралцаж, өдгөө дэлхийн хэмжээнд өөрийгөө харуулсан чадварлаг бүсгүй болжээ.
"Эмэгтэй хүн тэнгэрийн талыг үүрээд гүйдэг" гэсэн үг байдаг. Зохиолын баатар энхрий жаахан охин байхдаа л хувь тавилан, амьдралаа үүрээд гүйсэн байна. Гүйсний шагналд гэр бүлтэйгээ элэг бүтэн, энх мэнд уулзсан.
Гүйж явахдаа хэн нэгнийг гомдоогоогүй, хүн чанараа гээгээгүй. Дэгээдэж унагасан нэгэнд өс санаагүй, дэргэдээс ирэх мунхаглалд сатаарч сарниагүй. Зорилго мөрөөдлөө нуруун дээрээсээ авч хаяагүй, бартаа саад бүхнийг туулахдаа ялархаж амраагүй, ямбалж ухраагүй. Харин гайхалтай бодит түүхийг өөрийн биеэрээ бичээд гүйж байсан нь өдгөө зохиол болжээ.
Яг л ийм зураг төөргөөр эцэг, эхээсээ хол өссөн зуу зуун хүүхдүүд нийгэмд байсан, байсаар ч буй.
"Гүйж яваа эмэгтэй" зохиол хэвлэгдэн уншигчдын гарт хүрснээр бид хүүхдүүд рүүгээ нэг өнгийн харж байна. Бяцхан зүрхийг нь чагнах ёстойгоо ойлгож байна. Гэр бүл бутран сарних аюулыг мэдэрч ойлгож байна. Хүүхэд алга боллоо, хүүхэд зодууллаа гэсэн мэдээг уншаад өр цоорч, гол зурна. Цаашлаад улс орон, төрийн бодлогын түвшинд ч хүүхдээ хайрлах ёстойг хойч ирээдүй чангаас чанга орилон бидэнд хэлж байна. Тэдэнд хайр, хамгаалал, тав тух, эрхээ эдлэх аюулгүй, эрүүл нийгэм хэрэгтэй байна. Буруу тогтолцоо, шунал, мунхагаас болж хэчнээн олон айлын амьдрал хагацал, бэтгэрэл, магадгүй хагарал, өнчрөл дунд өрнөж байна вэ? "Гүйж яваа эмэгтэй" зохиол бол зүгээр ч нэг тэвчээртэй, ухаалаг охины амьдралын түүхийг өгүүлэх бус ерөөс төрийн түвшинд, нийгмийн түвшинд, гэр бүлийн түвшинд хүүхдээ гараасаа битгий тавиач гэсэн амин санааг илэрхийлжээ. Бас аав, ээж нь хүүхдийнхээ гараас хүчээр тавих аймшигт нийгмийн нөхцөлийг өөрчлөөч ээ гэсэн цуурай боллоо.
Гуравхан настай охиныхоо халбага шиг гарыг атгаад кино танхим руу явж орлоо. Анх удаа тэр минь кинотеатр явж үзэж буй юм. Хоёул "Дамбо" үзсэн. Лавал хотынхоо театрт тавигдсан эхний өдөр л зорьж очсон нь тэр. Хоёр цаг орчим хөшөө шиг хөдөлгөөнгүй байсан охин минь кино дуусахад асгартал уйлав. "Дамбо ээжээсээ хол байсан, муу хүмүүс ээжийг нь хорьсон..." гэж зогсолтгүй уйлав.
Тийм ээ, хүн битгий хэл адгуус амьтан хүртэл эхээсээ, гэр бүлээсээ алсын алсад ганцаардаж амьдрах шиг гуниг хаана байх вэ. Үүнийг гуравхан настай үр минь хүртэл ойлгон эмзэглэсэн. Хамгийн оргил түүх нь дэлхийн хэмжээнд нээлтээ хийсэн Холливудын энэхүү бүтээлд мөнөөх "Гүйж яваа эмэгтэй" дүрээ мөнхөлж, уран нугарсан юм шүү дээ. Яг л бяцхан Дамбо шиг, хүсэл мөрөөдөлтэйгөө ганцаар торойн үлдсэн тэдний түүх ижилхэн юм билээ, эргээд бодоход.
Зохиолын баатар шиг "гүйдэг" хүмүүс олон байлгүй яах вэ. Хэнд ч зовлонгоо хэлэхгүйгээр чимээгүй залгиж, хэзээ ч ядарч цуцсанаа зарлахгүйгээр урагшаа тэмүүлж буй тэднийг хэн нэгэн зогсоож яриулахгүй л бол тийм гайхалтай түүхүүдийг бид мэдэхгүй өнгөрнө шүү дээ. Гагцхүү зогсоож ярьдаг, сонсч мэдэрдэг нь зохиолч хүн байдаг юм аа. Зохиолч зохиолын дүрүүдээр дамжуулан хүмүүсийн хэврэг мөн чанар, цэвдэг мунхаг сэтгэл хийгээд түүнийг тэвчих ухаан, түүнд олзлогдохгүй өөрийнхөөрөө урагшлах зориг тэмүүллийг бидэнд давхар хэлж өгчээ. "Гүйж яваа эмэгтэй" ном дэлхийн арав гаруй орноор "гүйжээ". Уншсан хүн бүр яаж гүйж ирснээ дор бүрнээ бодоцгоож, хэн нь гүйж үлдсэнийг хайрлан санааширч байна. Хаана ээж, аав байна, тэнд гэр орон байдаг гэдэг шүү дээ. Гэр гэдэг бол байшин, сууц биш юм. Гэр гэдэг бол гэр бүлийн бүх гишүүн юм гэдгийг зохиолын уншин суухдаа бодож байсансан. "Би ээжийгээ ус, аавыгаа мод гэж боддог. Ээж усалж, аавын дотор мод ургана. Мод, ус хоёрын хайр. Хэзээ ч салж болохгүй, холдож болохгүй сонин хайр" хэмээх мартахын аргагүй мөртүүд зүрхэнд шивэгдэнэ. Бид өөрсдөө л нурахгүй юм бол миний үр гэртэйгээ л байна гэж бодоод унтаж буй охин руугаа харлаа. Гадаа үүр цайж байна. Мөд удахгүй бөөн бөөн цагаан үүлс хуйлран нүүж, шинэ өдрийн амьдрал эхэлнэ дээ. Хэн нэгний хувьд шинэ түүх, өөр нэгний хувьд шинэ учрал, шинэ амжилт ирнэ. Магадгүй зохиолыг уншсан нэгэн нь өнөөдрөөс гүйхээр зэхнэ. Яг л "Гүйж яваа эмэгтэй" шиг. Тэр зогсоогүй, одоо ч гүйсээр байгаа гэдэгт эргэлзэх хэрэг байхгүй. Түүнд дайх ганц үг байна. Гүй охин минь гүй, хурднаас хурдан. Нис Дамбо минь нис, өндрөөс өндөрт.