Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар хүнсний манлай үйлдвэр “АПУ Дэйри” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“АПУ Дэйри” ХХК 2014 онд Сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлдэг Германиа Гиа компанийн 30 сая ам.долларын үнэтэй технологийг Монголд нэвтрүүлжээ. Ингэснээр өдөрт 150 мянга литр сүү, жилд 45 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг 100 хувь автомат технологиор дэлхийн стандартад нийцсэн чанартайгаар үйлдвэрлэх савлах боломжтой болжээ.
Хүнс хөдөө аж ахуйн яамнаас сүү цагаан идээний үйлдвэрлэл эрхлэгчдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах, тулгамдаж буй асуудал бэрхшээлийг нь сонсох, төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх салбар чиглэлээ тодорхойлох зорилгоор энэхүү танилцах ажлыг хийж буй гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлсэн юм.
Танилцах ажлын дараа Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон корпорациуд болох “Витафит” ХХК, “Сүү” ХК, “Тесо” корпораци, Сүүний холбоо, Монголын хэрэглэгчдийн холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд сүүний салбарт үүсээд байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг хийсэн юм.
“АПУ Дэйри” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг “Сүүний салбар 1996 он гэхэд үндсэндээ уналтад орж импортын шар сүү зах зээлийг бүрэн эзэлсэн байсан. Төрөөс 1996 онд сүүний импортыг зогсоосноор дотоодын үйлдвэрүүдийн хөгжилд маш том түлхэц болж хурдацтай хөгжихөд хүргэсэн.
Гэвч өнгөрсөн жил Засгийн газраас импортын сүүнд квот тогтоож өгсөн нь буруу зүйл байсан. Монгол Улсад нэг сая үнээ байдаг гэх боловч тэдгээр үнээний 95 хувь нь бэлчээрийн үнээ байгаа. Бэлчээрийн үнээ бол сүүний нөөц биш. Сүүний фермийг олноор бий болгож байж жилийн дөрвөн улиралд тасралтгүй, чанартай, шингэн сүүгээр улс орноо хангах боломж бүрдэх учиртай.
Сүү боловсруулах үйлдвэр, боловсруулсан бүтээгдэхүүний хангалт хүргэлт маш боломжийн хэмжээнд хүрсэн. Харин түүхий эд буюу түүхий сүү цуглуулах ажил орхигдсоор өнөөдрийг хүрлээ.
Сүүлийн жилүүдэд түүхий сүүний хангалт нэлээн өсч байгаа ч хангалттай биш байна. Төрөөс татаас дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгох замаар саалийн үнээг импортлох, фермийн аж ахуйг дэмжих, фермийн аж ахуй эрхлэхэд шаардахад тоног төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөх зэрэг ажлыг хийх хэрэгтэй байна. Сүүний талаар баримтлах төрийн бодлоготой болж байж хөгжинө. Сүүний үндсэн чанар нь түүхий эдээсээ хамаарч байдаг. Түүхий сүүний хангалтыг бүрэн хэмжээнд хүргэснээр үнэ хямдрах эрүүлжих нөхцөл үүснэ. Европын оронд 1 литр сүү 700 төгрөг, ОХУ-д 600 төгрөгийн үнэтэй байдаг. Тэгэхэд Монголд 1 литр сүү 2500 байгаа нь эрүүл үзэгдэл биш” гэв.