Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ хуучин нөхөр Ардын жүжигчин Д.Түвшинжаргалтайгаа гэр бүлээ салгуулсан хийгээд эд хөрөнгийн маргаан дэгдээсэн тухай ярилцлага нь өгсөн билээ.
Тэрбээр "Миний нөхөр асан Д.Түвшинжаргал миний шавьтай гэр бүл болж, надаас гэр бүлээ салгуулахдаа хөрөнгө хуваах нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүх дээр би ялагдаад байна. Одоо миний амьдарч байгаа байр бол Д.Түвшинжаргал бид 2-ын хамтран босгосон хөрөнгө биш түүнтэй суухаас өмнө надад улсаас өгсөн байр. Мөн миний булган шуба болон нутгийн олны минь өгсөн мөнгөн аяга, ээж ааваас минь уламжилж ирсэн хөөрөг даалинг хүртэл зах зээлийн үнээс өндөр үнээр үнэлүүлж надтай хувааж авахаар нэхэмжлэл гаргасан. Одоо надаас 200 сая төгрөг нэхэмжилж, тэтгэвэрийн таван цаасыг минь хүртэл дансанд ороод ирэнгүүт хурааж аваад байна" хэмээн ярьсан билээ.
Харин Ардын жүжигчин Д.Түвшинжаргалтай манай сурвалжлагч утсаар холбогдоход “Ах нь яг одоо Хэнтий аймагт ажлаар явж байна. Хэд хоногоос хот орно. Бидний хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэднэ дээ. Очоод тайлбар мэдээлэл өгье” гэв.
Тэгвэл Ардын жүжигчин Д.Түвшинжаргалын охин Т.Баясгалан цахим хуудас дээрээ доорх бичлэгийг оруулж, аавдаа гурван өрөө байр өгсөнөө зарлалаа.
МУГЖ, дуучин Т.Баясгалан
Сайн байцгаана уу? Зуны эхэн сарын сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ хүргэе! Өчигдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг хэлэхийг хүслээ. Хүн ер нь эцэг эхээ сонгож төрдөггүй, заяагдмал зүйл байдаг шүү дээ. Миний бие хэдийгээр Түвшинжаргалаар овоглогдон явдаг ч эцгийнхээ өвөр нөөлөгт өсөөгүй, ээжийнхээ гэдсэнд л үлдсэн байдаг ч би эцэг эхдээ өнөөдрийг хүртэл үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Хүний амьдралд ямар ч асуудал үүссэн бай, би болон миний ээж хэзээ ч бусдын үйлдлийг шүүж, бусдыг буруутгаж байсангүй ээ. Хүний орчлонгийн жамаар бид тус тусынхаа амьдралаар явж буй хүмүүс.
Миний эцэг өнгөрсөн 7 хоногт тоглолтоо зохион байгуулж, намайг урьсан юм. Би тоглолтонд нь оролцож амжаагүй учир манай гэр бүл тоглолтын маргааш нь болсон хүлээн авалтынх нь дундуур очиж, Монголын уртын дуунд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлсэндээ 3-н өрөө байр өгсөн билээ. Энэ бол манай гэр бүл гэхээсээ илүүтэй Монгол түмний хайр хүндэтгэл хүлээсэн уран бүтээлийн хөдөлмөрийг нь үнэлж тэр хүнд өгч буй сэтгэлийн өглөг юм.
Миний хань, миний бие, манай хамт олон, хүч хөдөлмөрөөрөө бусдыг манлайлж буй хүмүүстээ, итгэл сэтгэлийн дэм болох үүднээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд тус дэм болж явдгийг энэ дашрамд хэлье. Хүн хүндээ урмын сайхан үг хэлж, амьддаа бие биенээ хайрлацгаая! Хүний амьдралд ямар их олон зүйлс учирдагийг, Та бид тааж мэддэггүй билээ. Тиймээс, Та бүхэн минь учир явдлыг сайтар нягталж, эргэцүүлэхийг хүсье!
Хүндэтгэсэн, МУГЖ Т. БАЯСГАЛАН гэжээ.