Хөвсгөлийн Улаан тайгын тусгай хамгаалалтай газрын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх АНУ-ын Монтанагийн их сургуульд лекц уншиж, өөрийн туршлагаа хуваалцаж явна. Хөдөөгийн аглаг, бөглүү тосгоны байгаль хамгаалагч алс холын Америкт уригдана гэдэг түүнийг ажлаа ямархан хийдэг вэ гэдгийг гэрчлэх биз ээ.
Түүнийг АНУ -ын "ROUND RIVER conservation studies " байгууллага нутагтаа урьж, туршалагаа хуваалцахыг санал болгожээ. Ингэснээр байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх Монтанагийн их сургуульд лекц уншихаас гадна, АНУ-ын үндэсний парктай танилцаж, аялал жуулчлал, хамгааллын менежментээс туршлага судалж байгаа аж.
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх бол Ирвэс хамгаалах сангийн биологич, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав гэдгийг олон нийт мэднэ. Өөрөөсөө эхлээд үр хүүхдээ ч байгаль хамгаалагч болгосон тэрээр Хөвсгөлийн хөвч тайга, нуур усыг хамгаалах үйлст насаараа зүтгэж яваа нэгэн билээ.