Өнөөдөр бол Орос орны агуу их ялалтын 74 жилийн ойн өдөр билээ. 1945 оны тавдугаар сарын 9-нд Германчууд бууж өгснөөр Дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхэн өдөр юм. ОХУ жил бүрийн энэ өдөр цэргийн жагсаал хийж батлан хамгаалах, цэрэг арми, зэвсэгт хүчний суу алдрыг мандуулан хүчин чадлаа гайхуулан дэлхийн нийтийн анхаарлыг татсаар ирсэн уламжлалтай.
Ялалтын баярын 70 жилийн ойн жагсаалаас хойш дөрөв дэх жилдээ дарааллан Батлан Хамгаалах яамны харьяа Цэргийн их сургуулийн эмэгтэй сонсогчид Улаан талбайд жагсана. Үүгээр зогсохгүй анх удаа эмэгтэй хүндэт харуулууд баярын жагсаалд оролцож байгаагаараа онцлог юм. Москвагийн Дотоодыг хамгаалах их сургууль, Цагдаагийн байгууллагын эмэгтэй эрэгтэй алба хаагчид, сонсогчид болоод Мөрдөн байцаах хороо сүр жавхлант баярын жагсаалд нэгдэж байна.
Цэргийн жагсаалын үеэр анхаарал татах өөр нэг зүйл бол Аурус Сенат тоноглосон лимузин машиныг жагсаалын командлагч болон Батлан хамгаалахын сайд унаж танилцуулна. Таван жилд анх удаа гадны зочид төлөөлөгчдийг хүндэт зочноор уриагүй хэмээн эх сурвалжид дурдсан байна. Баярын жагсаалын бэлтгэл ажил өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хангагдаж эхэлжээ. Оросын 144 сая гаруй ард түмний тэн хагас нь баярын жагсаалд оролцоно гэсэн судалгааг хийсэн байна.
Урьдчилсан байдлаар 13,000 цэрэг, 132 зэвсэг техник, 74 онгоц өнөөдрийн жагсаалд оролцоно гэж мэдээлсэн ч бэлтгэл ажлын үеэр 17,600 цэрэг, зэвсэгт хүчний 190 гаруй техник, Үндэсний харуул, Дотоод хэргийн яамны 3,800 бие бүрэлдэхүүн оролцжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт холбоот улсын хамгийн анхны холбоотон нь Монгол, Тува улс байжээ. Гитлерийн Германы цэргүүд 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр Зөвлөлт холбоот улс руу довтолдог өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, МАХН-ын төв хорооны тэргүүлэгчдийн хамтарсан хурлаар Зөвлөлт холбоот улсад бүхий л чадлаараа туслах шийдвэр гаргажээ.
1942 оны нэгдүгээр сард Монголчууд Зөвлөлт холбоот улсын Улаан армид тусламж өгөх аяныг өрнүүлж, 2.5 сая төгрөг, 100 мянган ам.доллар, 300 кг алтыг цуглуулж Орос руу шилжүүлжээ. Тус мөнгөөр Т-34 танк 32, Т-70 танк 21 ширхэгийг тус тус үйлдвэрлэж "Хувьсгалт монгол" танкийн цувааг байгуулжээ.
Агуу эх орны дайн 1418 хоног үргэлжилсэн. Дайн эхэлсэн өдрөөс эхлэн Монголчуудын сэтгэл шингэсэн бэлгийн найман цуваа фронтод хүрчээ. 1942 оны арваннэгдүгээр сард илгээсэн цуваагаар л гэхэд 30,115 нэхий дээл, 30,500 хос эсгий гутал, 31,257 нэхий бээлий, 31090 нэхий хантааз, 2290 ноосон цамц, 2011 ширхэг дулаан хөнжил, 12954 лааз жимсний чанамал, 26758 лаазалсан мах, 316 кг мах, 84 тонн хиам, 92 тонн цөцгийн тосыг хүргүүлжээ.
Монголчууд дайны эхний өдрөөс л Зөвлөлт холбоот улсын улаан армид морь нийлүүлэх аяныг өрнүүлж дайны хугацаанд 485 мянган морийг нийлүүлжээ. Генерал И.А.Плиев Монгол морьд Зөвлөлтийн танкуудтай хамт Берлин хүрсэн юм гэж хэлж байжээ.