“Сүү” ХК-ийн гол нэрийн бүтээгдэхүүн болох “Амтлаг” тарагнаас хулгана гарч буй бичлэгийг иргэн Б гар утсаараа хийж олон нийтийн сүлжээнд тавьсан нь Монголын нийгэмд маш их дуулиан тарсан юм. Уг асуудлаар өнөөдрийг хүртэл “Сүү” ХК-аас ямар нэгэн тайлбар өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд манай телевиз “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Мандхайгаас албан ёсны тайлбар тодруулгыг авлаа.
-Манай байгууллага ISO стандарттай, мэргэжлийн хяналтын байгууллагын байнгын хяналтан дор үйл ажиллагаа явуулдаг. Нэгэнт ийм мэдээ гарсан учраас бид иргэн Б-г манай үйлдвэр дээр ирж бүтээгдэхүүний бүх шат дамжлагатай танилцана уу хэмээн урьсан боловч ирээгүй.
Тухайн мэдээлэл цацагдсаны дараа манайхаас үйлдвэрийнхээ бүх шат дамжлагыг харуулсан видеог хийгээд олон нийтэд хүргэсэн. Манай бүтээгдэхүүнээс хулгана гарах ямар ч боломжгүй гэдэг анхны ойлголтыг тэгж л хүргэлээ. Мэргэжлийн хяналтын газраас хоёр улсын байцаагч ирж үйлдвэрийн бүх шат дамжлагатай танилцаж бичлэгээр баримтжуулаад явсан. Бид манай бүтээгдэхүүнээс гарсан гээд байгаа хулганыг шинжлүүлэхээр мэргэжлийн байгууллагад хандсан байгаа. Мэргэжлийн хяналтын газраас албан ёсны дүгнэлт гарах хүртэл бид мэдээлэл хийхгүй байя гэсэн бодолтой байгаа. Мэргэжлийн хяналтын газраас эцсийн дүгнэлт гараагүй байгаа ч гэлээ эхний дүгнэлтээрээ хулгана гарах ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иргэн Б-гийн мэдээллийн улмаас манайд тодорхой хэмжээний хохирол үүссэн учраас цагдаагийн байгууллагад иргэн Б-г шалгуулахаар албан ёсоор хандсан байгаа гэв.